Хүний сэрэл мэдрэмж рүү өнгийсөн зохиолууд
1.
МЯНГА ЕСӨН ЗУУН НАЯН ДӨРӨВ
Анх уншиж эхэлснээс л манай улсын буюу “бидний байж байгаа” царайг ил тод хүүрнээд байх шиг ойрхон мэдрэмж төрсөн. Хэт их эрх мэдлийг хэдхэн хүн хуваан завших дарангуйлал, хэт ноомой ард түмнийг хэтэрхий ядуу, ядруу байлгах улсын орны (намын) бодлогыг бүр нэг байг нь онож өгүүлсэн зохиол юм санж. Номын гол баатар болох Смит бол шударга нийгмийн төлөө тэмцэгч, бүхнийг эрхшээгчдийн эсрэг дуу хоолойгоо өргөх зоригтон мэтээр зохиол эхэлж, өрнөнө. Гэвч төгсгөл нь ялагдлаар дуусна, харамсалтай нь.
2.
ЦАГААН ХООЛТОН
Нобелийн отгон шагналтан Хан Ганы “Цагаан хоолтон”-ыг шимтэн уншив. Шимшрэн уншив. Энэ бол миний төсөөлсөнчлөн цагаан хоолтны тухай ном огтоос биш болохыг номын хуудсыг эргүүлэхдээ л ойлголоо. Энэ бол эмзэг уяхан эмэгтэй хүнийг хайраар услахгүй байвал юунд хүргэдгийг тод мэдрүүлэх сэтгэл зүйн ном юм байна. Энэ бол эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн хүнээ ойлгох итгэлцүүрийн гүүрийг тордон арчлахгүй нурааж орхивол юу тохиохыг өгүүлсэн сэрэл мэдрэмжийн тухай ном юм байна.
3.
ӨЧИГДӨР УУЛЗЪЯ: БҮРЛЭЭЧИЙН МОНОЛОГ
Хий хоосны ертөнцөөс өөрийн үзэж туулсан амьдралаа эргэцүүлэх би. Маргаашгүй амьдралынхаа тухай хүүрнэх боломж нь үй олон өчигдөр. Би гэж хэн явсан хийгээд бидний амьдрал чухам ямархан хэврэг болохыг эвлэгхэн хүүрнэж энгийнээр урсгаж бичсэн нь зохиолын гол онцлог болжээ. Г.Аюурзанын номыг шимтэн уншигчийн хувьд "Өчигдөр уулзъя. Бүрлээчийн монолог" роман нь миний хувьд "Судасны чимээ" /2015 он/ номоос хойш хамгийн гоё зохиол нь гэж хэлнэ.
4.
ВЭН ХОТ
Зохиол эхлэхдээ, Ши балгас хэмээх хот тосгонд түүний нэрийг мэдэхгүй, алдрыг дуулаагүй хүн үгүй боловч туулсан амьдралыг нь мэдэх хүн нэгээхэн ч үгүй хэмээх тодотголоор зохиолын гол баатрын тухай дүрслэл хөвөрнө. Хур баян эрийн дутуу гачуугүй харагдах амьдралын гүнд чухам юу эс нуугдан буйг гагц түүнээс өөр хэн ч үл мэднэ, үл анзаарна. Энэ бол өнөөгийн бидний цахим ерөнтцийн гял цалд автаж, хэний зураг хамгийн сайхан байгааг, хэн юу эдэлж өмссөнийг л анзаарахаас өнгөн талын үзэгдэх тэр дүрийн цаана тухайн хүний ямар амьдрал туулж байгааг мэдэхгүйтэй агаар нэгэн санагдана.
5.
ЗҮҮДНЭЭС Ч ЧИНАГШ УЙ
Нобелийн шагналт зохиолч Петер Хандкегийн 1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” хэмээх уг номыг уншихад нэг тийм далдын шаналал, гомдол нуугдсан ч юм шиг мэдрэмж төрсөн. Эмэгтэй хүний өөрийгөө хойш тавин байж амьдралынхаа хором мөч бүхнийг гэр бүлдээ зориулах их хүсэл зоригийн ард юу нуугдаж үлддэгийг илэрхийлэхийг зорьжээ гэж би хувьдаа эргэцүүлсэн.
Дурсамжаас бүтсэн хийгээд уран зөгнөлт зохиолууд
6.
ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
Энэ номыг эхлүүлээд л аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг мэдэрсэн. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөх мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх шиг болж байлаа.
7.
ЗҮС БОРООНООР ХАДАХ ДУУН
Бага насандаа нэг л зүүдээ байнга хар даран зүүдэлдэг байснаа би энэ номыг уншиж эхлэхдээ санасан юм. Багын дурсамжууд дэвтрийн шарласан хуудсанд бүдэг бадагхан зурайх харандаагаар бичээд сарнисан үгс шиг сэтгэлийн гүн дэх хаа нэгтээ орон зайд хав дарагдсан байдгийг тэгээд ойлголоо. Нүдээ хагас онийлгон харандааны арилсан бичгийг унших гэж ядаж цөхөх ч цаасан дээр үлдсэн мөрөөр нь төвөггүй үсэглэх боломж олдох шиг тийм л үнэ цэн нь бүдгэрсэн дурсамжууд... Хүүрнэл зохиолын оргилуудын нэг гэж тодорхойлж болох Үй Хуагийн ээлжит нэгэн бүтээлийг харанхуйн дундаас сүүмгэр гэрэл анивчихыг хүлээх шиг хуудас хуудсаар нь имэрч, уй гуниг, харуусал цөхрөлд автан байж уншлаа.
8.
МЭЛХИЙ
Бодит байдал, төсөөллийн орон зай алин болохыг үл мэдэх ертөнцөөр аялах мэдрэмжийг Мө Яний “Мэлхий” зохиолоос авлаа. Зохиолын үйл явдал хийгээд өрнөл тэмцэл нь үнэн бодит байдлаас сэдэвлэж үлгэр домогтой сүлж хуучлах мэт хөвөрнө.
9.
АЯНГАТ ЦАГИЙН ТУУЖ
Амь амьдралаа Алтай хайрхандаа даатгах монгол ухаан, алд биеэ үл хайрлан зүтгэсэн итгэл үнэмшил амьсгалах хоног дуусахын цагт утга учиргүй байсныг ухаарах сэхээрэл бүхнийг энэ номын хуудаснаас олж харлаа.
10.
СУВД
Тэнгисийн эрэг дагуу сувд түүж амин голоо зууж ирсэн айл хөршүүдийн дунд аман яриа, хууч домог болон үлдсэн нэгэн түүх бий. Тэр бол Кийногийн гэр бүлд тохиолдсон явдал юм. Анхны амин үрээ өлгийдөн авсан энэ айлд гэнэт их аз тохиож, өрхийн тэргүүн Кийно хосгүй үзэсгэлэнт, аварга том сувд олсноор тэдний амьдрал орвонгоороо эргэх эхлэлийн үүд нээгдэх болно.
11.
ЭМЭГТЭЙ
Бид энэ яваа насандаа ээждээ амьдарч өгч байгаа мэт л аашилж аяглаж хорвоог бардаг улс юм. Анни Эрно зохиолчийн “Эмэгтэй” хэмээх номыг уншаад ийм л бодол толгой руу дэлсээд авах шиг буулаа.
Романтик хайрын түүх өгүүлэх зохиолууд
12.
ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ
Тахлын үе буюу үхлийн аюултай өвчин хаа саагүй газар авч байх үеийн үйл явдал энд өрнөх ч яг үнэндээ хайрласан бүсгүйдээ үхэн үхтэлээ үнэнч тахал шиг дурласан залуугийн амьдрал л илүү анхаарал татна.
13.
МЭДИСОН НУТГИЙН ГҮҮРНҮҮД
Хэн нэгнийг чин зүрхнээсээ хайрлах нь орон зайн алсрал, цаг хугацааны уртад үл бүдгэрч, хуучрах тусам үнэ цэн нь нэмэгдэх эрдэнэс шиг сэтгэлд улам гялалзан оршдог болохыг уг түүх өгүүлнэ. Насан туршдаа бие биенээ хайрлахад нь мөнхийн дурсамж бүтээсэн дөрөвхөн хоног л хангалттай байжээ, тэдэнд.
14.
НАЙМДУГААР САРД УУЛЗЪЯ
Жинхэнэ хайртайгаа учирхад насны хязгаар үгүй болохыг бүтээлээрээ тунхаглагч Г.Г.Маркесийн "Наймдугаар сард уулзъя" нь түүний сүүлчийн зохиол гэдгээрээ тун чиг сонирхол татаж, түүн шигээ урам үл хугалах бүтээл болжээ. Үнэнч хайраа үл хүндэтгэлээр үгүй хийхгүй байхын дотоод тэмцэл, үнэн төрхөө ил гаргахгүй байхын эсрэгцэл хийгээд эвлэх орон зайг нэгэн үйл явдалд чагтлан зангидсан нь зохиолыг улам амттай болгосон мэт.
15.
КОФЕ ХӨРӨХӨӨС ӨМНӨ, КАФЕД ӨГҮҮЛЭХ ТҮҮХҮҮД
Кавагүчи Тошиказү зохиолчийн “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” хэмээх хоёр боть ном нь цаг хугацаагаар аялуулах шидтэй эртний хэв маяг бүхий буйдхан кафед өрнөх нууцлаг түүхүүдийг өгүүлнэ.
16.
ДУРСАМЖ МАРТАГДАХААС ӨМНӨ
Зохиолд хоорондоо учир холбоотой дөрвөн өөр түүхийн тухай өгүүлнэ. Өөр өөр цаг хугацаанд өрнөх ээдрээт түүхүүдийг холбох гагнаас нь цаг хугацаагаар аялуулах кафе дахь кофе аялгалагч бяцхан охин Сачигийн дүр юм.
17.
ХҮҮХНҮҮД
Тавь эргэм настай ч амьдралын хэмнэл нь эрс тэс уур амьсгал дунд хөврөх Хэнри Чинаски хэмээх гоонь эрийн үргэлжийн зочдоор тасардаггүй боловч ганцаардмал амьдралын тухай уг ном хүүрнэнэ. Багагүй нэр хүндтэй зохиолч тэрбээр өөрийн бичих ур чадвараар дулдуйдан сайхан охид, хүүхнүүдтэй учрал холбоо үүсгэх ч тэр нь хэзээ ч мөнхийн аз жаргалыг авч ирж байсангүй.
18.
АРВАН САРЫН ТЭНГЭР ДОР
Аравдугаар сар анзаарагдамгүй өнгөрдөг хэр нь хүний сэтгэлийг хамгийн их догдлуулдаг, магадгүй тэр хэрээр нууцхан гунигт автуулдаг гэгэлзэм сар мэт санагддаг даа. Шарлаж гундсан навчис хаа сайгүй хөглөрөх нь, нарны илч туниа муутай ч нозооруулан төөнөх нь, анхны цас ороод тэр даруйдаа газарт нэвчин хайлах нь бүгд л тэр чигтээ аравдугаар сартай хамт ирдэг, төрдөг мэдрэмж юм аа.
19.
АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА
Номын үйл явдал тэр чигтээ хүн хүндээ итгэх итгэлийн тухай өгүүлнэ. Хүн хэн байхаас, юунд дурладгаас, хэнийг хайрлахаас үл хамааран тэр бүхий л харилцаа итгэл дээр л оршин тогтнохыг уг зохиолын өгүүлэмж харуулна. Итгэхгүй бол харилцахгүй, итгэлгүй бол үргэлжлэхгүй тийм л энгийн харилцааны түүх.
20.
ЧАМТАЙ УЧРАХААС ӨМНӨ
Их Британийн зохиолч Жожо Моейсын “Чамтай учрахаас өмнө” /Me before you/ хэмээх ном нь хэвлэгдсэн даруйдаа дэлхийн олон уншигчийг байлдан дагуулж, уг зохиолоор бүтээсэн уран сайхны кино нь ч олны талархлыг хүлээснээр Луйза Кларк, Уилльям Трейнор нарын адармаатай бөгөөд гунигт хайрын түүхэнд уярахгүй хүн ховор болсон биз ээ. Уиллын дүрээр хүний дотоод мөн чанар, бусдын тухай үнэлэмж, өөрийн хайртай хүнийхээ ирээдүйг илүү тод гэрэлтүүлэхийн төлөө хийж буй үнэнч, тууштай зан чанарыг олж харна. Харин сайхан сэтгэлт Луйза хайрынхаа төлөө хийж чадах бүхнээ зориулах ч эцсийн мөчид эвлэрхийн аргагүй үнэнтэй нүүр тулж үүрдийн хагацлаар бүхнийг цэглэхэд хүрнэ.
2025.01.03 |
SaturnWriting