Зохиол эхлэхдээ, Ши балгас хэмээх хот тосгонд түүний нэрийг мэдэхгүй, алдрыг дуулаагүй хүн үгүй боловч туулсан амьдралыг нь мэдэх хүн нэгээхэн ч үгүй хэмээх тодотголоор зохиолын гол баатрын тухай дүрслэл хөвөрнө. Хур баян эрийн дутуу гачуугүй харагдах амьдралын гүнд чухам юу эс нуугдан буйг гагц түүнээс өөр хэн ч үл мэднэ, үл анзаарна. Энэ бол өнөөгийн бидний цахим ерөнтцийн гял цалд автаж, хэний зураг хамгийн сайхан байгааг, хэн юу эдэлж өмссөнийг л анзаарахаас өнгөн талын үзэгдэх тэр дүрийн цаана тухайн хүний ямар амьдрал туулж байгааг мэдэхгүйтэй агаар нэгэн санагдана. Зохиолын гол дүрүүд болон зохиолын өгүүлэмжийн талаар өөрт төрсөн сэтгэдлээ хуваалцъя.
Линь Шянфу
Оршин суугаа улсад нь бүү хэл энэ дэлхийн хаана ч байхгүй “Вэн хот” хэмээх газрыг бэдрэн хайх алсын аялал нь Линь Шянфу хэмээх идэр залуу эрийн нэгэнт орхиод явсан охиныхоо ээжийг олох хүслээр хөтлөгдөн үл зогсоно. Хэрэн хэсэж, хяран бэдэрч явсаар эхнэрийнх нь дүрсэлсэн газартай хамгийн төстэй тосгонтой таарсанд үүрд тэндээ нутаглаж, эрэл хайгуулын замаа Ши балгасаар өндөрлөх ч тэр л газарт хүлээн буй хүүхэн нь ирнэ гэсэн харуулдах сэтгэлийн эрэл нь мөнхөд үргэлжилнэ. Түүний дүрээр хүний уужуу ухаан, үнэнч занг товойлгон гаргасан нь ямагт гунигт авуулна.
Шиао Мэй
Сүрлэн овоохойн гэрт хоногийн хоолоо арай ядан залгуулах олон ам бүлтэй зутруухан амьдралаас нүдний гал, нүүрэндээ цогтойн ачаар чинээлэг айлд тоогдон үрчлэгдэж, улмаар тэр айлынхаа бэр болох алтан боломж Шиао Мэй хэмээх үзэсгэлэнт охинд олдоно. Олдсон энэ боломжоо алдаж нисгэчихгүйн тулд бяцхан бэр охин гэрийн бүхий л ажлыг толгой өөд татахгүй хийж, өглөөнөөс үдэш хүртэл огтхон ч завгүй өдөр хоногийг өнгөрүүлсээр сүйт бүсгүйн насанд хүрвэй. Гэвч түүний амьдрал үргэлж Ши балгасанд өнгөрүүлсэн хүүхэд насны жилүүд шиг нь дардан байхгүйг яахин мэдэх. Хуурамч дүртэй амьдрахын гачлан, хүслээ дагах, ёсыг дагах хоёрын дундах шаналан, хайртай охиноо үгүйлэхийн зовлонг тэр нэг насаараа туулж үл барна. Түүний дүрээр ачлалт охины ёс журамт зан, эхийн энэрэл хайрыг дүрслэн илэрхийлсэн нь бодол үймүүлнэ.
А Чян
Азтай ч гэж харж болох, азгүй ч гэж хэлж болох А Чяны амьдрал тэр чигтээ агаарт дэгдэх хумхын тоос шиг хөнгөн хийсвэр. Хэдийвээр түүний хайртай бүсгүй А Чяныг хэзээ ч орхиж явахгүй үргэлж дэргэд нь байх авч сэтгэл нь хэзээний л өөр газарт оршихийг хөөрхий залуу анзаарч эс чадна. Хэтэрхий хэнэггүй хойрго ааш авир нь хажуудах хүнийг нь дэндүү ихээр ганцаардуулан шаналгаж буйг ч тэр үл мэднэ. Хэрэв тэр няхуур нямбай, бас эхнэртээ арай илүү анхаарал хандуулдаг байсан бол гурван өнчирсөн зүрх нэг болж, А Чян өөрийгөө золин ганцаар амьдрах боломж байв.
Зохиолд хязгаар нутгийн зон олны аж амьдралыг ар араасаа хөврөх олон арван үйл явдлуудтай сүлж дүрсэлжээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж буй ард иргэдийн зовлон зүдгүүр дээр нэмээд дайн байлдаантай ороо бусгаа цаг үед дотроосоо бие биеэ тонон дээрэмдэх ард хоорондын цуст мөргөлдөөнийг ч тодорхой буулгасан нь бие зарсхийлгэм.
Эцсийн эцэст энэ бие үгүй болохын цагт хүн тулж босгосон амьдрал, төрүүлж өсгөсөн үрээс илүү нутгаа л гэдгийг Лян Шянфугийн сүүлийн хүслээр илэрхийлжээ. Энд мөн эх эцгээ ачлах, эзэн ноёндоо, нөхөрлөлдөө үнэнч байхын үнэ цэн, ёс жудагийг ягштал дагаж мөрдөх сүсэг бишрэлийн хүчийг ч өгүүлнэ.
Уг зохиолыг уншихын өмнөхөн Үй Хуа зохиолчийн “Зүс борооноор хадах дуун” номыг уншсан тул хоёр зохиолыг харьцуулан тунгаах нь олонтоо байв. “Зүс борооноор хадах дуун” зохиолд эцэг, эхдээ ачлалгүй байхын харуусалт тавилан, хань ижилдээ хадаргаатай амьдрахын ичгүүрт гуниг, үр хүүхдээ үл хайхрахын шаналанг зохиолын дүрүүдээр товойлгон дүрсэлсэн байдаг бол “Вэн хот” дахь дүрүүд нь эсрэгээр буюу хүмүүний амьдралын уужрал ухаарал, асгарч үл дуусах хайр энэрлийг илэрхийлэх нь уярам.
Нэр дурдсан хоёр зохиол хоёулаа үйл явдлын голоос эхэлж өрнөл хэсэг дээр очиж төгсөөд, төсгөлөөс эхлэл рүү буцаж дахин өрнөсөөр өндөрлөх нь Үй Хуагийн бичлэгийн нэгэн өнгө аяс гэлтэй. Колумын нэр зохиолч Г.Г.Маркес домогт “Зуун жилийн ганцаардал”, “Тахлын үеийн дурлал” хэмээх зохиолуудаа мөн л дээрхийн адил үйл явдлыг өрнөлөөс нь эхлүүлж, тэг голд нь очоод эхлэлийн хэсэг рүү буцаж, түүнээс өмнөх үйл явдлыг нэхэн өгүүлж бичсэн байдаг нь дээрх зохиолыг уншихад бичвэрийн дэс дарааллын хувьд төстэй санагдав.
Үйл явдлын тухай бусад нарийн зүйлсийг эс дурдан тэмдэглэлээ өндөрлөе. Номын тухай уншихаас номыг нь унших нь илүү амттай байдаг даа.