2024-12-10
АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА


ЭРЭЛ

Номын эхлэл хэсэгт би “Арьсан хүрэмтэй Мадонна” нь хэзээ гарч ирэхийг эрж хайгаад гайхаж хоцров. Үйл явдал талдаа ортол өнөөх гол дүрийн эзэн эмэгтэй гарч ирэхгүй л байв. Гэтэл уг зохиол нь өнгөрсөн үйл явдлаас өмнөх үе рүү хөвөрдөж, дурсамжаас дурсамж руу хөвж очдог дараалалтай юм байж. Эхэн хэсэгт эдлэх насныхаа ихэнх хэсгийг нэгэнт элээсэн ч ихэд нууцлаг ертөнцөө өөрөөсөө хүртэл чандлах эрийн гадаад болон дотоод төрхийг нарийн чимхлүүр гаргажээ. Бидний дунд яг түүн шиг эгэл энгийн, байгаа, байхгүй нь ч үл анзаарагдам хэр нь хийх ёстой ажлаа яс тас хийчхээд чимээгүй оршигч байж л байдаг даа. Тэр дүрийн одоогийн амьдралыг номын эхэнд ингэж тодорхой гаргасны учир нь жинхэнэ хайраа олсон хэр нь, тэр л хүнээ насан туршдаа хайрласан хэр нь яагаад түүнийгээ эрж хайгаагүйг нь хувь хүний өгөгдөл, мөн чанар, онцлогтой нь холбон ойлгуулах гэж зорьсон зохиолчийн эрэлхийлэл юм уу гэж би хувьдаа дүгнэсэн.

Эрснээ олсон ч алдахгүй байхын төлөөх тэмцэл дутахын хясланг энэ ном өгүүлжээ.

ИТГЭЛ
Номын үйл явдал тэр чигтээ хүн хүндээ итгэх итгэлийн тухай өгүүлнэ. Хүн хэн байхаас, юунд дурладгаас, хэнийг хайрлахаас үл хамааран тэр бүхий л харилцаа итгэл дээр л оршин тогтнохыг уг зохиолын өгүүлэмж харуулна.  Итгэхгүй бол харилцахгүй, итгэлгүй бол үргэлжлэхгүй тийм л энгийн харилцааны түүх. Анх үзэсгэлэнд харсан “Арьсан хүрэмтэй Мадонна” зурагт дурласан Раиф хэмээх залуу эр эхэндээ энэ бол зөвхөн төсөөлөл төдий зүйл хэмээн бодож байв. Мөрөөдөл хүсэл гэнэт л биелэх нь хүнд өөртөө итгэхгүй байх мэдрэмжийг төрүүлэх нь дамжиггүй. Тэр дурлалт эмэгтэй нь бодит хүн төдийгүй үнэхээр л түүний дотоод мэдрэмжийг хөглөх, итгэлийг өнгөлөх, ганцхан түүнд зориулагдсан бүсгүй болохыг өдөр өнгөрөх тусам мэдэрнэ.

 
“Би багын л аз жаргалтай цаг мөчийг бүгдийг нь даруй хэрэглээд дуусчхалгүй, заримыг нь хадгалж нөөцлөхийг хичээдэг байлаа... Үнэндээ энэ зангаасаа болж олон боломжийг алдсан ч илүү ихийг хүсэж, хамаг аз жаргалаа үргээхээс эмээдэг хэвээр л үлдсэн.”

Номыг уншиж байхдаа би Мариаг дэндүү хашир, магадгүй өөр хэн нэгэнд хууртаж байсан гомдлоо тээсээр яваа эмэгтэй учраас Райфын гуниггүй их хайрыг хүлээн авч чадахгүй байна гэж бодож байв. Мариа өөрөө ч “надад итгэл дутсан” хэмээн хэлж Раифаас уучлал гуйдаг шүү дээ. Гэтэл тийм биш байжээ. Асуудал Мариад биш яг үнэндээ Раифд өөрт нь байж. Тэр насан туршдаа мөрөөдлөө биелэх боломжтойд, Мариа үнэхээр өөрт нь дурласанд итгэж чадахгүй амьдарчээ. Энэ харуусал нь Райфыг эцсийн амьсгалаа хураатал нь тарчлаах болно. Ингээд үндсэндээ зохиол төгсөнө.

Өө, ийм хурдан уу гэж уншаагүй хүн бодох биз ээ. Үгүй дээ, энэ хооронд хүний дотоод мэдрэмжийн илэрхийлэл, гүн харилцааны их гомдол, цөхрөл, гуниг, харуусал тээсэн олон үйл явдал бий. Гагц үүн дундаас шүүрэн үлдсэн нэгээхэн мэдрэмж л энэ байлаа. Итгэл дууссан цагт хүсэл дуусна, итгэл мөхсөн үед мөрөөдөл хоосорно. Гарт барьцгүй, нүдэнд харууцгүй хоосон үг мэт боловч хүнийг амьдаар нь үхүүлж чадах, үхсэн ч амьдруулсаар байх их хүч итгэлд багтдагийг энэ зохиолоос уншигч би мэдэрч уншлаа.  

 
“Аз жаргалын гашуун дурсамж цаг хугацааны эрхэнд мартагдах ч алдагдсан боломж хэзээ ч санаанаас гарахгүй, санах бүрд гүн харамсал төрүүлнэ. Үүнээс өөрөөр байж болох байсан! гэх бодол л үүний шалтгаан байх...”

Бичвэрийн хувьд их эмэгтэйлэг өнгө аястай, унших зуурт үйл явдлыг таамаглах боломжтой бичигдсэнээрээ онцлогтой санагдсан. XX зууны Туркийн алдарт зохиолчдын нэг Сабахаттин Алигийн сүүлчийн зохиол болох “Арьсан хүрэмтэй Мадонна” ном нь 1943 онд хэвлэгдсэн даруйдаа төдий л амжилт олоогүй гэдэг. Хожим номын нэр алдар түгж, өдгөө Туркийн хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтад бичигдсээр буй.

2024.12.10
Saturn Writing
Бичсэн: Боргоцой | цаг: 14:33 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Одоо яг уншаад дунд нь явж байгаа..
Бичсэн: Зочин цаг: 21:17, 2024-12-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax