2024-11-05
ЦАГААН ХООЛТОН

Нобелийн отгон шагналтан Хан Ганы “Цагаан хоолтон”-ыг шимтэн уншив. Шимшрэн уншив. Энэ бол миний төсөөлсөнчлөн цагаан хоолтны тухай ном огтоос биш болохыг номын хуудсыг эргүүлэхдээ л ойлголоо. Энэ бол эмзэг уяхан эмэгтэй хүнийг хайраар услахгүй байвал юунд хүргэдгийг тод мэдрүүлэх сэтгэл зүйн ном юм байна. Энэ бол эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн хүнээ ойлгох итгэлцүүрийн гүүрийг тордон арчлахгүй нурааж орхивол юу тохиохыг өгүүлсэн сэрэл мэдрэмжийн тухай ном юм байна. “Цагаан хоолтон”-ыг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ буулгалаа.


Нобелийн отгон шагналтан Хан Ганы “Цагаан хоолтон”-ыг шимтэн уншив. Шимшрэн уншив. Энэ бол миний төсөөлсөнчлөн цагаан хоолтны тухай ном огтоос биш болохыг номын хуудсыг эргүүлэхдээ л ойлголоо. Энэ бол эмзэг уяхан эмэгтэй хүнийг хайраар услахгүй байвал юунд хүргэдгийг тод мэдрүүлэх сэтгэл зүйн ном юм байна. Энэ бол эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн хүнээ ойлгох итгэлцүүрийн гүүрийг тордон арчлахгүй нурааж орхивол юу тохиохыг өгүүлсэн сэрэл мэдрэмжийн тухай ном юм байна. “Цагаан хоолтон”-ыг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ буулгалаа.

📌 ГАНЦААРДАЛ
Яагаад ч юм бүх үйл явдал ганцаардлаас улбаатай эхэлж, ганцаардлын манан дунд өрнөж, түүндээ живснээр дуусаж байгаа мэт мэдрэмжид автлаа. Зохиолын гол баатар Ёнхэ хэмээх бүсгүйн нөхрийн өгүүлэмжээр эхлэх уг номын эхний хэсэгт би ийм эхнэртэй бол салахаас яах билээ гэж бодож байлаа. Нөгөө талаас авч суусан эхнэртээ хайр халамж, амьд харилцааны наад захын мэдрэмжийг амсуулж үл түвдэх өгүүлэгчийг ч үзэн ядаж амжив. Өөртөө бүрэн итгэлгүй хүн ямар ч тэмцэлгүй явсаар сэтгэлдээ үл нийцэх амьдралын замыг сонгодог ч юм шиг адармаат хувь тавиланг энд дүрсэлжээ.

📌 ЗҮҮД
Зүүдний учир шалтгаан яагаад зөн совинтой холбогддог болохыг нотолсон шинжлэх ухаан гэж одоогоор алга даа. Сэтгэл зүйн гүн гүнзгий асуудлыг хөндсөн уг зохиолд зүүдний тайллыг үйл явдалтай уяж чагталсан байх нь сонин. Уг нь нэг л гогцоог нь олоод татчихвал тэр зүүдний утга учир тайлагдаж, бүх зүйл хэвэндээ орчих юм шиг. Гэтэл тийм гогцоог хэрхэн татах ухаанаа олохгүй байх нь үйл явдлыг улам ээдрээтэй болгоно.

📌 СЭРЭЛ
Сэрэл мэдрэмж гэдэг хүний оюун бодлоос л улбаатай болохыг “Монгол толбо” хэмээх зохиолын хоёр дахь хэсэгт тод томруун илэрхийлжээ. Энэ хэсгээс сэтгэлд үлдсэн зураглал бол Ёнхэ биен дээрээ цэцэг зуруулчхаад хүргэн ахтайгаа хамт гарч хооллодог хэсэг. Яг энэхэн мөчид л зохиолын туршид сэтгэцийн эмгэгтэй гэж ойлгогдсон, яаж ч хүчлээд үмх ч хоол идэхгүй болсон хүний төрх биш зүгээр л хүсэл тэмцлээ ойлгуулсан хүний урамтай харц, гэрэлтэй ирээдүй мэдрэгдсэн. Гэвч хүний ёс жудгаас гажууд үйлдэл хэмээн хүлээн зөвшөөрч үл болох тэдний энэ харилцаа эцэст нь хагацлыг магадгүй сэтгэл дотроос нь аль хэдийн мэрж эхэлсэн үхлийг дуудсан нь харамсалтай.

📌 СЭТГЭЦ
Номын өгүүлэмж бүхэлдээ сэтгэлзүйн хямралд орсон бүсгүйн ахуй байдал хийгээд түүний эргэн тойрон дахь хүмүүсийн амьдрал нэг хүний нөхцөл байдлаас шалтгаалан хэрхэн орвонгоороо эргэж байгааг дүрсэлсэн. Энд гэвч асуудлын шалтгаантай бус үр дүнтэй нь тэмцэх нь ямар хор уршигтай болохыг илүү харуулжээ. Чухам яагаад цагаан хоол идэх болсон тухай Ёнхэгийн сонголтын тухай хэн ч хүндэтгэн сонссонгүй, түүний энэ өөрчлөлтийг гэр бүлийнх нь нэг ч гишүүн дэмжиж ойшоосонгүй. Яг эндээс л байдал хурцадсан. Хэрэв нөхөр нь жаахан ч гэсэн анхаарч сонссон бол, эгч Инхэ нь дүүгийнхээ сонголтын талд анхнаасаа бат зогссон бол, хүргэн ахаас нь өөр хэн нэгэн түүний сэтгэл зүйг өөр нүдээр харж ойлгосон бол... гээд хэрэв гэсэн тодотголтой олон асуулт ба хариулт хөвөрнө. Мөн аавынх нь хатуу ширүүн хүмүүжлийн арга барил ч түүнийг хүүхэд байхаас нь аль эрт л гүн гүнзгий хямралд автуулсаар иржээ.

📌 ӨНЦӨГ
Харах өнцгөө өөрчилж үзэхийг номын төгсгөл хэсэг болох “Асаж буй модод”-оос ойлголоо. Эхэнд төрж байсан Ёнхэг, бас түүний нөхрийг буруутгах үзэл, дунд төрж байсан Инхэгийн сул дорой байдал, нөхрийнх нь амин хувиа хичээсэн үйлдлийг үл хүлээн зөвшөөрөх бодлоо энд сул орхиж, хүн өөрийнхөө хүслийг дагах нь тухайн хүндээ ямар чухал алхам болохыг, хэн ч түүний ертөнц рүү халдахгүй байх эрх чөлөөний тухай эргэцүүллээ. Номын гурван бүлэгт нэг л цаг үед болсон үйл явдлыг гурван өөр хүний харах өнцгөөр илэрхийлсэн нь ингэж харьцуулан дүгнэх боломжийг олгов.



📌 ЭЦЭСТ НЬ
Анхнаасаа л номын нэрийг яагаад ингэж сонгосон юм бол гэсэн бодолд ээрүүлж уншсан болохоор “Цагаан хоолтон”-ы тухай бодол толгойноос огт гарсангүй. Үндсэн санаа нь хүний нүгэл хилэнц нь амьтны амь хороохоос эхтэй болохыг цаагуураа шүүмжлэх гэсэн ч юм шиг санагдлаа. Гэхдээ энэ бол миний л бодол. Нөгөө талаас байгаль эх дэлхийтэйгээ нэгэн цул болж, үлдэж буй хойчдоо ээлтэй амьдрахыг сургамжлах мэт мэдрэмжээр уг зохиолын сүүлчийн хуудсыг хаалаа.

 
Saturn Writing
2024.11.05
Бичсэн: Боргоцой | цаг: 15:43 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax