2024-10-12
ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ



Энэ номыг эхлүүлээд л аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг мэдэрсэн. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөх мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх шиг болж байлаа. Зохиолыг унших зуурт өөрт төрсөн мэдрэмжээ буулгав.

ЗҮҮД
Монголчуудын эртнээс өдгөө хүртэл дотоод ухамсартаа сүсэглэн боддог зүүд зөнг зохиолын үйл явдалтай ихэд нарийн шагласан нь анхаарал татна. Үйл явдал зүүдэлж сэрсэн хүүгийн эргэцүүллээр эхэлж төгсгөл нь тэр л зүүд нь зөн байсныг гэрчлэн дуусна.

ТЭНГЭР
Тэнгэртээ итгэж, тэнгэртээ залбирах ард түмний аж амьдрал. Байгалийн өмнө хүчин мөхөстөж, их зуднаар малаа алдахын шаналанд унах аав, ээж, хүү гурвын өдөр бүрийн зүдрэл. Өлссөн, ядарсан, даарч бээрсэн ч хэдэн малаа амь голтой авч үлдэхийн тулд зүтгэх л ёстой, хөдлөх л ёстой малчдын тэмцэл. Ялагдвал, ялархвал амьдрал зогсоно. Хөх тэнгэртээ итгэнэ. Нар гарч, салхи намжвал л ахуй байдал дээрдэнэ. Тэгэхээр тэнгэртээ залбирахаас ч өөр яах билээ.

ХАЙР
Энэй хэмээн авгайлах хөгшин ээжийн дүр дундаршгүй их хайрыг зохиолын турш юүлж байв аа. Хууч домог мэт яриа нь хүртэл амь амьдралыг тэтгэх увдис шингээсэн болохыг хожим хүү ойлгоно.
Зүү орох зайгүй хөөцөлдөн тоглож өссөн ах, эгч хоёр нь сургуульд сурахаар явснаар хүү хань бараа болох Арзылан хэмээх нохойгоороо ах, эгчийгээ орлоно. Сургуулийн шинэ жилээр ах, эгч хоёр нь өөрсдийн чихэртэй бэлгээ амыг нь ч задлахгүй дүүдээ явуулав. Чихрээс үнэтэй ах дүүсийн хайр нь тэнд илэрнэ.

ХАРЦ
Буцлам халуун сүүнд шалз түлэгдсэн бяцхан хүүгийн түүх зүрх зүсэх зуур бүхнийг өөрийнхөө буруу мэт бөхөлзөх хөгшин ээжийн харц, төрх өр өвтгөнө. Зовлон үзсэн хүний нүдэнд нулимс тогтохоо байчихдаг гэдэг шиг хуурай гөлрөх тэр л харцыг дотроо төсөөлөхөд сэтгэлд гүн гуниг төрсөн. Үхлээс харамлах нялх үрээ амьдын шаналанд зовохыг харах нь өтөл болсон буурайд ямархан хүнд тусахыг төсөөлөхөд ч бэрх.

ХАГАЦАЛ
Хүү эхлээд эгч, ах хоёроо сургуульд үдэн мордуулсан. Гэхдээ уйлаагүй, зүгээр л гунигаа залгиад нохойгоо тэврээд үлдсэн. Дараа нь хамгаас хайрт эмээгээ буцаасан. Буцах тухай яриаг нь сонссоор ухаажиж, балчир бодолдоо эргэн ирнэ гэсэн итгэл тээж бас л уйлаагүй ээ. Арзылантайгаа байхад алзахгүй л байсан. Хэчнээн их ганцаардал, хэчнээн их цөхрөлийг нохой нь орлож байсныг харин эцэст нь мэдэрсэн. Нохойгоо алдахдаа л бүхнийг тэсэж тэвчихүйеэ бэрх болж, хөх тэнгэрт хүртэл гомдол мэдүүлэн орилсон. Чангаас чанга хашхирч, ихээс их нулимс унагасан. Энэ хүртэл би ч уйлахгүй байх гэж хичээж байлаа. Номын төгсгөлд үнэхээр мэлмэртэл уйлж, хүүгийн цээжин дэх гуниг цөхрөлийг хамт гаргасан.


Их зохиолч Чинагийн Галсан “Хөх тэнгэр сонсож бай” хэмээх романаа тэртээ 1988 онд анх Герман хэлээр бичиж, одоогоос 27 жилийн өмнө тухайн хэл дээрээ хэвлэгдэж байсан агаад Монгол эх хэл дээр нь хөрвүүлэн толилуулах завшаан өнөө тохиож буйд нь машид гайхширан хүлээн авсан билээ. Монгол ахуй соёл, өв уламжлал, эгэл малчин айлын аж амьдралыг ийм энгүүн хүүрнэсэн зохиол аль хэдийнээ дэлхийн 15 хэл дээр хэвлэгдэж олон улсын уншигчдын хүртээл болжээ.

Уншихад машид урамтай, уран яруу, монгол хүн л ойлгох болов уу гэмээр нарийн ахуй соёл, ховор нандин үг хэллэгтэй ийм номын эх бичвэрийг нь Герман хэлээр буулгасан гэхээр нэг л сэтгэлд үл багтана. Гэтэл аль хэзээний Германы утга зохиолд шинэ салхи ханхлуулсан зохиол хэмээн алдаршжээ.

 
Saturn Writing
2024.10.12
Бичсэн: Боргоцой | цаг: 19:57 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax