2024-08-26
МЭДИСОН НУТГИЙН ГҮҮРНҮҮД

“Холдож болохгүй, ойртож болохгүй
Холын хоёр эрэг шиг, хорвоод ийм хайр байдаг аа...”

Хэзээ ч билээ, хэний ч билээ ийм шүлгийн мөртүүд цээжинд үлдсэн нь “Мэдисон нутгийн гүүрнүүд” номыг уншиж байхад хуучирч бүдгэрсэн дурсамжаас амилан бодолд буулаа.

Хэн нэгнийг чин зүрхнээсээ хайрлах нь орон зайн алсрал, цаг хугацааны уртад үл бүдгэрч, хуучрах тусам үнэ цэн нь нэмэгдэх эрдэнэс шиг сэтгэлд улам гялалзан оршдог болохыг уг түүх өгүүлнэ. Насан туршдаа бие биенээ хайрлахад нь мөнхийн дурсамж бүтээсэн дөрөвхөн хоног л хангалттай байжээ, тэдэнд.

Америкийн Айова мужийн Мэдисон хэмээх аглаг нутгийн фермерийн гэргий, өсвөр насны хоёр хүүхдийн ээж, энгийн л нэгэн гэрийн эзэгтэй Франческа хэмээх бүсгүйн амьдралд гэнэт л охин хонгор насных нь хүсэл биелэх мэт мөрөөдлийн залуу нь гарч ирнэ. Сайхны өмнө харц буруугүй гэдэг дээ, тэндий дурлал харцнаас л эхэлсэн...
“Ингээд бодоход эль эртнээс л би чам руу, чи над руу яваад байж. Нэг нэгнээ оршин байдгийг огт мэдэхгүй ч гэлээ чухамдаа энэхүү үл мэдэхүйн тэртээ доороос лугшин байсан тодорхойгүй, бүдэг бадаг зорилго ч гэх юм уу эсвэл итгэл ч юм уу биднийг хөтөлсөөр уулзуулсан байна. Яг л ганцаардмал хоёр шувуу зах хязгааргүй уудам талыг элэн халин туулах шиг, дээд тэнгэрийн тооцооллоор жолоодуулан энэ олон он жил, эгэл амьдралынхаа туршид чи бидэн хоёр бие бие рүүгээ тэмүүлсэн байна.”
Гоо үзэсгэлэнгээ гээгээгүй ч гоо байх мэдрэмжээ аль хэдийн хөсөр хаясан бүсгүйн хаа нэгтээ нуугдсан өөртөө итгэх итгэл нь асан дүрэлзэж, Роберт Кинкэйдийг анх хармагцаа л сэтгэл алдарч эхэлнэ. Мэдисоны гүүрнүүдийн зургийг буулгах ажилтай яваа мэргэжлийн гэрэл зурагчин Роберт Кинкейдийн биеэ авч яваа байдал, алс бөглүү нутгийнхан дунд үл харагдах этгээд гэмээр имиж, дүр төрх нь Франческад төдийгүй нутгийнханд ч сонин содон байлаа. Харин Кинкейд бүсгүйг анх хармагцаа дурласан. Хоёр сэтгэл бие биедээ татагдаж, холдож чадахгүй шаналан хайрласан ч Франческа бүтээсэн амьдрал, эр нөхөр, үр хүүхдээ орхиж үл чадах бодолдоо захирагдан үлдэнэ. Зохиолын төгсгөл нь үнэхээр өр өвтгөж, нулимс мэлмэрүүлэм. Дөрөвхөн өдрийн учрал, насан туршийн хайраа тэд дахин хэзээ ч уулзан учрах тохиолоор холбоогүй. Тэдний дурсамж зөвхөн тиймхэн хормоор л хэмжигдсэн, харин оюун бодол, сэтгэл зүрхэнд тэр хайр нь насан үүрд мөнхөрсөн.
"Хэрэв та "Дэнгийн эрвээхэй эргэлдэх цаг"-аар дахиад оройн зоог барихыг хүсвэл өнөө орой ажлаа дуусгаад манайд ирээрэй. Хэдэн цагт ч байж болно"
Зохиолын бичвэр нь гол баатар Франческа хэмээх эмэгтэйн бодит амьдралаас сэдэвлэж, түүний тэмдэглэлийн дэвтэртээ үлдээсэн гар бичмэлээр эх баримжаа болгон бичсэн мэт зохиомжтой тул эмэгтэйлэг өнгө аястай гэж хэлж болохоор. Уран зохиолын гол давуу тал нь энэ бөгөөд зохиолч уг бүтээлээ бодит түүх мэт дүрслэлээр бичсэн нь уншигчдын сэтгэл зүрхийг эзэмдэх гол хэмжүүр болсон гэлтэй.



Уг зохиолоор 1995 онд “The Bridges of Madison Country” хэмээх кино хийж, гол дүрийг Холливүүдийн алдарт жүжигчин Клинт Ийствүүд, Мерил Стрип нар бүтээжээ. Уншигч миний хувьд киноны гол дүрүүд нь эх зохиолыг уншихад төрсөн төсөөллийг огт гүйцэхгүй бөгөөд Франческагийн дүрд даруу бөгөөд ялдам, Кинкейдын дүр хүчтэй бөгөөд зоримог байдал дутагдсан мэт санагдсаныг нуух юун. Кино зохиол нь эхлэхдээ, Франческо Жонсоныг нас барсны дараа түүний хүү, охин хоёр гэрээслэлээс нь тэмдэглэлийн дэвтэр, гэрэл зургийн камер сэлт олж хуучирсан түүхийг олж нээснээр эхэлдэг бол зохиол дээрээ яг л “Титаник” киноны эхлэл шиг гол дүрийн эмэгтэй халуун залуу насны үзэсгэлэн гоогоо хэдийн гээсэн ч хайр сэтгэлийн халуун мэдрэмжээ тээсээр дурсамжаа нэхэн санаж буйгаар эхэлдэг. Надад энэ эхлэл нь илүү зохимжтой бөгөөд тааламжтай санагдсан.



Дашрамд дурдахад Роберт Жеймс Уоллерын “Медисон нутгийн гүүрнүүд” зохиолын үргэлжлэл болгон бичсэн “Нутгийн мянга мянган зам” хэмээх зохиол мөн байдгийг уг номын төгсгөлөөс олж мэдээд түүнийг ч бас унших хүсэлд автан буй.
Бичсэн: Боргоцой | цаг: 15:27 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax