2024-08-01
ХҮҮХНҮҮД

“Олон ч сайн эрс хүүхнээс болж орц хонгилоор амьдарсан даа” Хэнри Чинаски

Тавь эргэм настай ч амьдралын хэмнэл нь эрс тэс уур амьсгал дунд хөврөх Хэнри Чинаски хэмээх гоонь эрийн үргэлжийн зочдоор тасардаггүй боловч ганцаардмал амьдралын тухай уг ном хүүрнэнэ. Багагүй нэр хүндтэй зохиолч тэрбээр өөрийн бичих ур чадвараар дулдуйдан сайхан охид, хүүхнүүдтэй учрал холбоо үүсгэх ч тэр нь хэзээ ч мөнхийн аз жаргалыг авч ирж байсангүй. Түүнд тухлах орон гэр, танилцуулах нэр хүнд, хүссэн зүйлээ дуртай үедээ хийх эрх чөлөө, хайрлуулах эмс хүүхнүүд бүгд бий. Чинаски хагас зуун жил амьдрахдаа хурааж хуримтлуулж үзээгүй, тэр бүү хэл үнэн зүрхнээсээ хайрлаж дурлаж ч байсангүй. Уулзаж учирсан хүүхнүүд нь бүгд л хоромхон зуурын баясал зугаа болж дурсамжийн хуудсанд шүлэг болж үлдээд л замхарна.

Зохиолын бичвэр нь садар үг хэллэг ихтэй, бурангуй нийгмийг илтгэх үйл явдал арвин, гэвч гол баатрын байнгын нүргээнтэй амьдралаас сонирхол татахуйц өнгө аяс цухалзана. Яруу найрагчдыг баатар мэт шүтдэг байх эрин үед амьдарч байгаа нь зохиолын гол баатрын өдөр тутмын амьдралын хэмнэлд ихээхэн нөлөө үзүүлнэ. Хэзээд хайрын захиагаар дүүрсэн шуудан, цаг наргүй хангинах хүүхнүүдийн утасны дуудлага дунд бялуурч, уригдаж шүлгээ уншаад олсон мөнгөө архидаж, мөрийтэй морин уралдаанд тавьж орхидог Чинаски хэмээх тэр эрийг уншигч би бээр хэзээ ч засаршгүй нэгэн гэж бодож байв.

Уулзаж учирсан нас, насны олон арван хүүхнүүдийнх нь зан байдлын ижилсэл хийгээд ондоошлыг зохиолын өгүүлэмжээс олж харж болно. Хүүхэмсэг гэхэд дэндүү тэр нэгэн зохиолчийн өөртөө тохинуулсан амьдралын хэв маягийг нэг л өдөр хэн нэгэн өөрчилж орхино. Тэр нь харин уулзаж учирч явсан нас залуу, зүс шингэн охидуудынх нь нэг биш, янаг амрагийн явдалдаа гойд сайн хүүхнүүдийнх нь нэг ч биш, зүгээр л түүнд чин сэтгэлээс санаа тавьж, зөв замд нь хөтлөх итгэл өгсөн энгийн нэгэн эмэгтэй байх нь тэр.

Хүн гэдэг хэдэн настай, хэр хэмжээний нэр хүндтэй, хэр зэрэг царайлаг сайхан байхаас үл хамааран хамт байхад амар тайван байдлыг бий болгож чаддаг хүний дэргэд үлдэхийг л бүх зүйлээ орхиод ч байсан
хүсдэг болохыг уг зохиолын өгүүлэмжээс олж харав.



Америкийн яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Хэнри Чарльз Буковски нь амьд ахуйдаа зургаан роман бичсэний хамгийн алдартай нь “Хүүхнүүд” хэмээх намтарчилсан бүтээл нь юм.

 
Бичсэн: Боргоцой | цаг: 16:36 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Алмас цаг: 19:10, 2024-08-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax