Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2022.10.26-ны өдөр Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж буйгаа зарласан. Улсынхаа гол орлогыг дээгүүрээ хувааж идсэн нүүрсний хулгайн хэргийн асуудал олон нийтэд ил болсноор иргэд эсэргүүцэж, дүн өвлийн хүйтэнд гарсан, жагссан, тэмцэх гол дуу хоолой нь тэр л байсан.
Хорь гаруй хоногийн жагсаалын дараа гарсан томоохон өөрчлөлт нь хуулийн шинэчлэл бөгөөд улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн гол бүтээгдэгдэхүүн /нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш/-ийг биржээр арилжаалж эхлээд жил тойрлоо. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарсан, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа түүхий эдийн бүтээгдэхүүний худалдаа, тээвэр дагасан хулгайг цэгцэлж чадах уу гэдгийг энэ удаагийн “Тойм тоо” -гоор онцолж байна.
Нүүрсний хулгайтай хийх тэмцэлтэй зэрэгцэж эхэлсэн арилжааны шинэчлэл цааш үргэлжлэх ёстой. Тухайлбал, төр, хувийн хэвшил нь хоорондоо өрсөлдөөд байх биш, уул уурхайн биржийн арилжааг явуулахдаа цаашдаа 100 хувь брокеруудад даатгах нь олон улсын жишигт илүү нийцэхээр байна.