2024-02-23
Мянга есөн зуун наян дөрөв ба миний бодол...

Их Ах чамайг харж байна...
Анх уншиж эхэлснээс л манай улсын буюу “бидний байж байгаа” царайг ил тод хүүрнээд байх шиг ойрхон мэдрэмж төрсөн. Хэт их эрх мэдлийг хэдхэн хүн хуваан завших дарангуйлал, хэт ноомой ард түмнийг хэтэрхий ядуу, ядруу байлгах улсын орны (намын) бодлогыг бүр нэг байг нь онож өгүүлсэн зохиол юм санж. Номын гол баатар болох Смит бол шударга нийгмийн төлөө тэмцэгч, бүхнийг эрхшээгчдийн эсрэг дуу хоолойгоо өргөх зоригтон мэтээр зохиол эхэлж, өрнөнө. Гэвч төгсгөл нь ялагдлаар дуусна, харамсалтай нь. 

Яагаад ч юм өмнө нь уншиж байсан Монголын уран зохиолын дээжис болох түүхэн романуудын үйл явдлыг нөгөө талаас нь буюу эсрэг дүрээр нь гаргачихсан юм шиг сэтгэгдэл төрж, яг надад хоосон үлдээд байсан нэг орон зайг ойлгуулаад нөхчих шиг санагдсан нь хачирхалтай. Товчхондоо, Манжийн үеийн дарангуйлалд өртөж, хэлмэгдүүлэлтийн үеийг даван гарч ирсэн Монгол ард түмний тэмцлийг өгүүлэх түүхэн зохиолууд ихэвчлэн манай талын буюу эгэл жилийн, энгийн нэг малчин ардын төлөөллөөр гол баатраа хийдэг бол энэ зохиол тэгсэнгүй. Яг будлианыг хутгаж, түүхийг гуйвуулж, намын даалгаврын гар хөл болж байгаа нөхрийг гол дүрийн баатар болгон онилжээ. Хэдийгээр “1984” нь зөгнөлт зохиол боловч ардын баатар мэт тахин шүтсэн эрх мэдэлтнүүдийн цаана нийгэм, соёлын ямар их ялзрал, доройтол явагдаж байдгийг тод томруун харуулсан нь гайхмаар.

Зохиолын хамгийн зэвүүн шийдлүүд:

📖 Теледэлгэц буюу хүний оюун бодлыг хянах хэмжээнд хүртэл хөгжсөн төхөөрөмж. Теледэлгэц нь бүх нийтийн газар, ажлын байр, албан тасалгаа гээд хаана л бол хаана байрлана. Тэгээд тухайн хүн намын эсрэг зүйл бодож байна уу, намын удирдагч “Их Ах”-ыг үнэн голоосоо хайрлахгүй байх үг, үйлдэл бүхий хөдөлгөөн гаргаж байна уу гэх мэт бүхнийг хянана, нягтална. Гэхдээ мэдээж энэ нь үгээгүй ядуучуудад хамаарахгүй. Тийм зиндааны хүмүүсийн гэрт теледэлгэц байршуулах шаардлагагүй бөгөөд үгээгүйчүүдэд өдрийн үмх талхыг нь л залгуулж байвал тэдний санаа бодлыг үргэлж “Их Ах”-ын төлөө байлгах боломжтой.

📖 Яамдын нэр. Элбэгийн яам, Энх тайвны яам, Хайрын яам, Үнэний яам гэсэн үндсэн дөрвөн яам байх бөгөөд үнэн хэрэг дээрээ энэ сайхан нэрний ард яг эсрэг үйл ажиллагаа явагдана. Жишээ нь зохиолын өрнөлөөс төгсгөл хүртэлх хугацааны үйл явдал Хайрын яаманд болох бөгөөд тэнд л жинхэнэ тамлал, яргалал, хүнийг хайр сэтгэл, үзэл бодлоосоо урвах, ухрах хүртэл нь тарчлаах бүх зүйлийг үйлдэж байдаг. Тэгэхээр бусад яамд хэрхэн ажилладаг нь ойлгогдоно.

📖 Хил хязгаарын хуваагдал. Дэлхийг Евроазийн, Далайн, Дорнодазийн гэсэн гурван хэт их гүрэнд хуваасан. Гурван их гүрэн нь хил хязгаар болон эд баялаг нь тогтоогдоогүй маргаантай бүс нутгуудыг эзэмших эрх мэдлийн тэмцлээс болж үргэлжид дайн байлдаантай байж иржээ. Зохиол дээр тус дайн 25 жил тасралтгүй үргэлжилж байна. Гэвч аль гүрэн нь аль гүрэнтэй жинхнээсээ дайтаж байгаад мэдэх аргагүй. Учир нь гүрэн бүхэн өөр өөрсдийнхөө түүхийг бичиж, жинхэнэ түүхийг гуйвуулчихсан.

📖 Шинхэл буюу бичиг үсгийн соёл. NEWSPEAK гэдгийг Шинхэл гэж орчуулжээ. Шинэ хэл гэдгийн товчилсон хувилбар байх нь. Ямар ч улс орны түүхийг өөрсдөд ашигтайгаар эргүүлэх гол хүч бол эх хэлэнд оршиж буйг олж харж, түүний төлөө эрс шийдэмгий өөрчлөлтийг цаг тутамд хийж байгааг зохиолд өгүүлнэ.

⏳ Жорж Оруэлл “1984” романаа яагаад зохиол бичиж байх хугацаанаасаа даруй 35 жилийн дараа болж буй үйл явдал мэтээр бичсэн нь сонирхол татна. Магадгүй түүний зөгнөлөөр 1949 оны нөхцөл байдалд социалист системийг бүх нийтээр дагаж мөрдсөн бол ойролцоогоор 35 жилийн дараа ийм дүр зурагтай нийгэм бий болно гэж төсөөлсөн зураглал нь л тэгж буусан байж болох. Гэхдээ л тийм нийгэм дэлхийн хаана ч бай, шууд утгаар биш ч бай оршин тогтнож, харх шиг харанхуйд өсөж бойжсоор л байгаа даа гэх бодлоор номоо уншиж дуусгалаа.

 
Бичсэн: Боргоцой | цаг: 14:26 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax