2020-04-09
Уулс, үүлсийн орноор... /Хятадын тухай тэмдэглэл-2/

“Уул үүл нь нийлэн харагдах...” гээд дуун дээр гардаг даа. Гэхдээ би умрын цэнхэр хангайн тухай биш урд хөршид аялсан тэмдэглэлээс нүдэнд зураглан үлдсэн тэр мэдрэмжийг зүйрлэн хэлж буй нь энэ.

Хятадын өмнөд хэсэгт орших Юньнань муж “Өмнөдийн үүлс” гэсэн нэрнээсээ л өндөрлөг газарт оршдог уулс, үүлсийн орон болохыг илтгэнэ. Аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болох энэ муж далайн түвшний өндөрлөгөөрөө түвдтэй ойролцоо тул нэн сэрүүн. Юньнань мужаас үзэсгэлэнт Куммин хотыг зорьж, тэндээсээ Юулоны цасан уулыг үзэхээр автобусаар Лижяныг зүглэв. Лижяны хуучин хотхон нь эртний хотын өнгө төрхөө тэр хэвээр нь авч үлдсэн нь жуулчдыг татах гол хөшүүрэг болдог нь лавтай. Цасан уулын бэлд 2400 км өндөрт орших уг хотхоныг “Дорнын Венец” гэж нэрлэх нь бий.  

Тавдугаар сар хэдийн гарсан ч сэрүү татам агаар сэтгэл сэргээх нь таатай. Өнгө өнгийн цэцэгс алагласан гудамж, сүм хэлбэрийн дээвэртэй байшингууд, чулуун зам хийгээд модны ураар хийсэн бяцхан гүүрэн доогуур горхи урсах нь үлгэрийн орон гэлтэй. Хуучны барилгуудыг тэр хэв маягаар нь хадгалан үлдсэн бөгөөд байшин бүрийг худалдааны болон үйлчилгээний төв, музей болгон тохижуулжээ.

 


 /Юулон уулын ард түмэн болох Нахи үндэстний эртний     бичиг.  
Манайхаар бараг л сүг зураг. Энэ бичгийг одоо 100 орчим хүн   л мэддэг гэсэн/




Лижянд ирсэн гол зорилго болох цаст уул, үзэсгэлэнт ногоон нуурыг үзэхээр аяллаа цааш үргэлжлүүлэв. Өндөр уулсын хормойг эмжиж барьсан тэгш гадаргуут автозамаар жуулчдын автобус агаар тэнгэрийг зүсэн явах нь сүрдмээр. Өмнө нь цайны зам байсан энэ газраар зөвхөн илжиг, морь тэргүүтэн л явдаг байсан биз ээ. Яван явсаар гэнэт үүл манан дундаас өндөр уулсын орой дүнхийн тодроод ирсэнд автобусанд явж байсан жуулчид ам амандаа уулга алдах нь тэр.

Автобусны зогсоол дээрээс цааш ой шугуйн дундуур  тусгайлан засаж янзалсан модон замаар хэдхэн км газар  явганаар алхаж Юулон уулыг алган дээрээ тавьсан мэт  харах боломжтой тэгш гадаргуут хэсэгт хүрнэ. Энд жуулчдад  зориулсан үндэсний хувцастай зураг авах үйлчилгээ, бэлэг  дурсгалын зүйлс зэрэг нүд хужирлах зүйлс олон. Хамгийн  тааламжтай нь сэвшээ салхи агаар зүсэн сэвэлзэж, уулс  үүлсийн орой тэнгэр баганадан сүлэлдэх нь нүд баясгам.


 


Эндээс агаарын замаар эсвэл задгай дээвэртэй экобусаар аялж, ногоон нууранд хүрэх боломжтой. Улирал харгалзахгүй дотоодын жуулчид ихтэй байдаг нь илхэн. Хятад жуулчид тод өнгийн цуваар ижилсэж, нуруундаа хүчилтөрөгчтэй аппарат зүүсэн байх нь элбэг. Харин Монголчууд дотоодын жуулчдаас эрс ялгарах нь сэрүүн болоод өндөрлөг газарт дасан зохицсоны илрэл гэлтэй бүгд гадуур хувцасаа тайлж бариад дан цамцтай явцгаана. Нуурын захад хүрмэгц эгц өндөр, хараа булаам уулсыг хормойноос нь хараад зогсохгүй үзэсгэлэнт усан хэрэм байгалийн зүй тогтлыг гайхуулах гэсэн мэт цэлийтэл долгиотно.  

Юулон ууланд цай тариалж нутаглаж ирсэн ард түмний ахуй амьдралыг харуулах тоглолтыг задгай тайзан дээр явуулдаг нь хамгийн үзэмжит хэсгүүдийн нэг гэж санагдсан. Байгалийн үзэсгэлэнт тогтоцыг ашиглан тайзаа дээвэргүй задгай байдалтайгаар урласан нь үзүүлбэр бүрийг амилуулахад чухал үүрэгтэй. Морьтнууд задгай тайзны дээвэр дээгүүр давхин сүлжилдэх нь эгээ л уулсын дундаас ургаж гарч ирээд үүлэнд замхран сарних лугаа харагдана. Үд хэвийх нар төөнөж эхэлсэн тул үзүүлбэрийн дундуур тайзны хоёр талаас хиймэл хүрхрээ урсаж үзэгчдийг сэрүүцүүлэх нь таатай. Энд аялал жуулчлал цэцэглэн хөгжихгүй байхын арга алга. Нэг удаагийн тоглолт дээр л гэхэд ёстой “хүний олноор зодсон” үзүүлбэр бэлтгэн гайхашруулж байгааг нь тооцвол нутгийн иргэдэд ажлын байр олдохгүйн зовлон ч бага байх гэж бодогдсон шүү. Алс хязгаар нутгийн өндөр уулын үзэсгэлэнт тогтоцыг ашиглан аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, дэд бүтэц, үзвэр үйлчилгээг өөлөхийн аргагүй цогцлоож чадсанд нь бахадмаар. Буй байгалийг бусад улс орныхонд үзүүлж, өв уламжлал, үндэс угсааг сурталжилж чадаж байгаагаар нь Хятадуудын хөдөлмөрийг шагшин магтмаар, бас үлгэрлэмээр.

 

Бичсэн: Боргоцой | цаг: 12:45 | аян замын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax