2024-07-31
ЭРДЭС БАЯЛАГ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Монгол улсын төсвийн орлогын 30 гаруй хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байна. 

Энэ оны эхний таван сарын байдлаар манай улсын экспорт өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буюу  74.9 сая   ам.доллароор өссөн байна. Экспорт өсөхөд нүүрс 172.9 сая  ам.доллар, зэсийн баяжмал 54.9 сая  ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Үндсэндээ экспортын орлогын дийлэнх хувийг нүүрсний орлого бүрдүүлж байна. Харин нүүрсний орлогын өсөлт нь мөн л бидний урдаа барьдаг ганц мега төслийн үр нөлөө юм. Сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлж байгааг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд дурджээ. Цаашид бид хөрөнгө оруулагчдад үүдээ нээж, эдийн засгийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримтлах нь чухал болохыг "Тойм тоо" нэвтрүүлгээр хөндлөө.


Дэлхийн хэмжээнд нүүрсний эрэлт 2024-2026 он хүртэл аажмаар буурах төлөвтэй байна. Тодруулбал, 2026 он гэхэд коксжих нүүрсний үнэ 26 орчим хувиар буурч доод түвшиндээ хүрнэ гэсэн тооцооллыг олон улсын судалгааны байгууллагаас гаргажээ. Нүүрсний орлого буурмагц зэсийн орлогоороо төсвийн гүйцэтгэлээ нөхдөг байсан боломж энэ жил манайд байхгүй. Учир нь олон улсын судалгааны байгууллагуудын гаргаж буй тооцооллоор дэлхийн хэмжээнд зэсийн үнэ өмнөх оноосоо 0.7 хувиар буурна гэж үзжээ.

Тэгвэл өнөөдөр дэлхий дахинаа эрчим хүчийг байгальд ээлтэй, цэвэр аргаар үйлдвэрлэхэд ураныг ашиглах эрэлт нэмэгдэж, нүүрсэнд бус уранд чиглэсэн хөрөнгө оруулалт өсөх төлөвтэй байна. Тодруулбал, Дэлхийн Цөмийн Энергийн Нийгэмлэгээс гаргасан тайланд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2040 онд өнөөгийн үйлдвэрлэлтэй харьцуулахад 58 хувиар өсөх төлөвтэй байгаа бол 2040 он гэхэд дэлхийн нийт цөмийн реакторуудын ураны хэрэгцээ 100.0 мян.тоннд хүрч одоогийн хэрэгцээнээс 30 гаруй хувиар өсөх тооцоог Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагаас гаргажээ.

Улсын төсвийн орлогынхоо 30 гаруй хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг манай улс хөрөнгө оруулагчдыг татаж, гурван нэр төрлийн бүтээгдэхүүнээс бусад эрдэс баялагтаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх боломж бий. Энэ нь өдгөө хэлэлцээрийн түвшинд явж буй ураны нөөцийг ашиглах. Хөрөнгө оруулагч нь хэдийн бэлэн байгаа, дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох алс ирээдүйн замын зураг нь ч тодорхой уг төслийг хөдөлгөж, хөрөнгө оруулагчдад ээлтэй, улс орондоо ашигтай тоглолт хийхийн тулд дотооддоо анхаарах наад захын асуудал, шийдэл олон байна.
Бичсэн: Боргоцой | цаг: 13:21 | контент
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax