_(1).jpg)
Өдрийн өнгө...
Энд хичээл дээр үзсэн нэг зүйл санаанд их тод үлдэж. Тэр өдрийн хичээлийн агуулга нь амжилтын нууцын тухай байсан юм даг. Амжилттай яваа хүмүүс өөрсдийн жижиг туршлагаа хуваалцсан түүхийг эхлээд уншсан юм. Нэг хүн өдөр бүр өөрийнхөө өдрийг өнгөөр үнэлж бичдэг тухайгаа хуваалцсан байв. Тэр нь ногоон, шар, улаан гурван өнгө. Хэрэв тэр өдрийн өнгийг ногоон гэж үнэлсэн бол ажил, амьдрал хэвийн, амжилттай байна гэж үзнэ. Харин шараар үнэлвэл анхаарах зүйлс хэд хэд байсныг санаж, түүндээ эргэн төвлөрөх хэрэгтэй. Улаан гэж дүгнэсэн өдөр өөр лүү гээ илүү өнгийх шаардлагатайг сануулна. Хэрэв тэр өдрийн өнгө улаан байвал яг юу бүтэлгүйтэв гэдгийг анхааралтай ажиглаж, түүнийг засаж сайжруулах боломж байгаа эсэхийг эргэн харж, асуудалтайгаа нүүр тулна гэсэн үг. Энгийн юм шиг хэр нь амжилтаа ахиулахад их оновчтой хувилбар байж болохоор санагдсан.
Насны өнгө...
Цахим зургийн цомгийн архиваа нээж үзээд хориод настай байх үеийнхээ зургуудыг эргүүллээ. Тод өнгийн хувцсыг ямар ч зоригтойгоор өмсдөг байсан юм. Яв ягаан пүүзэн дээр ногоон пальто ч өмссөн байх шиг. Барын эрээн цамц, ахиад барын эрээн өмд, тэгснээ дээр нь барын эрээн ороолт. Бүр эв эрээн болчихсон өөрийгөө хараад түс хийтэл ганцаараа инээчихлээ. Гэхдээ л тэр үедээ их мода хөөж байгаа байдал нь тэр байж. Одоо ийм сонголтыг яагаад ч хийхгүй гэдгээ бодохоор зоригтой сонгож, өмсөж чаддаг байсан тэр насанд яг л тэр хувцасны сонголт шигээ хурц, зоригтой явсан юм байна гэж өөрийгөө эргэн дүгнэж сууна.
Ахлах сургуульд байхдаа ангийнхаа нэг хүүхдийн дурсгалын дэвтэрт “Хамгийн дургүй өнгө?” гэсэн асуултад “ногоон, бор” гэж хариулж байснаа тод санадаг юм. Тэгснээ хэзээ ер нь энэ хоёр өнгө миний хамгийн дуртай өнгө болчихсоныг сайн мэдэхгүй нь. Одоо бол бүх өнгөнөөс хамгийн сэтгэлд дулаан нь ногоон, бор хоёр юм шиг л санагддаг даа. Юмсыг хүлээж авах өнцөг нас нэмэгдэхийн хэрээр бага багаар тэлж, өөрчлөгддөгийн адил дуртай өнгө, дурладаг загвар ч тэр өөрийн мэдэлгүй дагаад өөрчлөгддөг бололтой.
Хүү минь хоёроос гурван насандаа шар өнгөнд их дуртай байлаа. Харин дөрөв хүрээд солонгон өнгөнд дурлах болсон. Тэр нь солонгын долоон өнгө холилдсон тийм нэг эрээн мяраан өнгөлөг зүйлс гэсэн үг. Харин зургаан нас руу дөхөж байгаа яг энэ цагт тэр минь хөх, цэнхэр өнгө гоё гэж ярих болжээ. Тэгэхээр хүний өнгийг таашаах мэдрэмж нь сар, жилээр өөрчлөгдөж, тэр нь төлөвшлийнх нь хэр хэмжээгээр шинэчлэгдэж байдаг байх нь.
Хувь хүний өнгө...
Саарал өнгөнд дуртай нэг хүнийг бас саначихлаа. Тэр үед яагаад саарал өнгөнд тэгтлээ дурладгийг нь гайхдаг байж билээ. Одоо бодоход мань хүний төлөвшил болоод ахуй нь яг л тэр саарал өнгө шигээ тогтуун, төлөв түвшин тэгээд нэгэн хэвийн байж гэж бодогдож байна. Андрей Курков зохиолчийн “Саарал зөгийнүүд” номыг уншаад ганцхан саарал өнгө дотроо өчнөөн олон өнгө, хэв, мэдрэмж агуулж байдгийг ч тунгааж билээ.
Охидууд ихэнх нь яагаад багадаа ягаан өнгөнд дурладгийг ер нь бодож үзэж байсан уу? Тэдний хүсэл тэмүүлэл, ертөнцийг харах өнцөг нь тийм гэгээлэг, бас бяцхан хийсвэр байдаг болохоор тэр юм болов уу?

Өнгө хэмээх сэтгэл зүй...
Өнгөний тухай сонирхолтой ойлголтууд бий. Улс улсад хүний сэтгэл зүйг өөр өөр өнгөөр илэрхийлдэг, мөн өнгө тус бүр өөрийн гэсэн тусгай хэлц үгтэй байдаг аж. Тухайн улс ямар өнгийг эрхэмлэж, ямар өнгөөр сэтгэл зүйгээ илэрхийлдэгийг мэддэг байх нь гадаад хүмүүстэй харилцахад илүү хялбар болгох давуу талтай. Тухайлбал, Америкчууд цэнхэр өнгийг гунигтай байдлыг илэрхийлэхэд хэрэглэдэг. “I’m feeling blue” гэвэл “Би гунигтай байна” гэж ойлгогдоно. Харин Ядонд цэнхэр өнгө нь эсрэгээрээ сайн сайхан зүйлийн илэрхийлэл байдаг гэнэ. Мөн Америкад улаан өнгийг аюултай байдлын анхааруулга гэж үздэг. Хэрэв далайн эрэг дээр улаан өнгийн туг хатгасан байвал тэр хэсэгт сэлж болохгүйг анхааруулсан гэсэн үг. Түүнчлэн дэлхийн олон оронд улаан өнгийг уур уцаарын илэрхийлэл гэж үздэг. “Your face is red” гэдгийг чи ууртай харагдаж байна гэж ойлгох нь элбэг бол Монголд “Чиний нүүр улайчихлаа” гэвэл ичиж байна гэж ойлгодог.
Европын ихэнх оронд цагаан өнгийг энх тайвны билэгдэл гэж үздэг. Хуримын даашинз ч цагаан байдаг шүү дээ. Харин Энэтхэгт цагаан өнгө нас барагсдын дурсгалын өнгө бөгөөд нөхөр нь нас барсан эмэгтэйчүүд цагаан хувцас өмсдөг юм байна.
Япон хүүхдүүд нарыг зурж, будахдаа шар биш улаан өнгөөр буддаг гэнэ. Учир нь нарны өнгийг улаанаар билэгддэг байх нь. Бразильчууд шар өнгийг хуурмаг байдлын нэг илэрхийлэл гэж үздэг байна. Тэдний “yellow smile” гэдэг хэллэг нь хуурамч инээмсэглэлтэй буюу итгэж болохгүй хүн гэсэн утгатай хэлц юм байна.
Тэгэхээр өнгөний тухай ойлголт нь зүгээр л нүдэнд харагддаг зүйлс бас биш байх нь. Сэтгэл зүйн байдал, насны ялгаа, амьдралын хувьсал, нийгмийн өөрчлөлт, хувь хүний хөгжил шинэчлэл, бүр ямар улсад амьдарч буйтай уялдаад олон зүйлээс хамаарах таашаалын илэрхийлэл өнгө хэмээх ертөнцөд харьяатай байдаг нь гайхалтай.

Glenview IL
2026/05/18
бичлэг
