2026-03-30
ХАЛУУН ШОКОЛАД ШИГ СЭТГЭЛ


Сэтгэл амтагдсан хоол, хайр үнэртсэн кофе гэж байдаг. Энэ ямар утгатай үг болохыг та төсөөлж байна уу?


Хоолонд сэтгэлээ шингээх нь хүний мэдрэмжид хэрхэн нөлөөлж болохыг миний өгүүлэх зохиолын дүрслэлээс харж болно. Хайртай байлаа ч хамт байж чадахгүйн хяслан залуу насны омголон ааш аягтай нэгдэхээрээ юу болох бол?

Өвөг дээдсээс уламжлан тогтсон, үеэс үед ягштал мөрдсөөр ирсэн заншил Мексик удмын нэгэн гэр бүлийн бага охинд оногдоно. Тита ээжийгээ насан эцэслэтэл харж асрах үүрэгтэй тул хүнтэй суух эрхгүй, мөн түүний хоол хийх чадвар, төрөлхийн авъяас нь энэ удмын хоолны жор, гал тогоог барих эрхэм уламжлалыг өвлөх хүн болохыг нь гэрчилнэ.

Педрогийн нууцхан хайр, Тита бүсгүй гэнэн ариун сэтгэлийн хөдлөл, үйлдэл бүхнийг хоолны жор танилцуулж буй адил нямбайлан дүрсэлсэн нь сэтгэл гижигдэм. Үе дамжин уламжилсан түүний хоол хийх онцгой авъяас, сэтгэл хөдлөлтэй нь яв цав нийцэж, хоолоор дурлуулах, хордуулах хоёрын аль алиныг хийх шидтэй болгох нь даажинтай. Хэдийгээр хайр сэтгэлийг хүчээр хорьж болох ч амтанд шингэх хоолны хүч нөлөөг юугаар ч хязгаарлах билээ дээ. Сэтгэл гэдэг жолоогүй, мэдрэмж ч тэр..

Уншигч миний хувьд зохиолын туршид гол дүрийн баатар Тита охиныг өрөвдөх сэтгэлд автан, хайртай залуутайгаа суух эрхгүй хувь тавиланд нь цухал төрж байв. Уламжлал л бол уламжлал гэх утгагүй хандлагаас зарим талаар татгалзаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөн шинэчлэх нь хойч үедээ өвлүүлэх том хөрөнгө оруулалт байж болох талаар эргэцүүлэв.

Тита нарийн урласан шаазан хүүхэлдэйг анхааралтай харж судлаад, бага байхад хүсэж мөрөөдөх ямар амархан байж вэ хэмээн бодлогошров. Тэгэхэд боломжгүй зүйл гэж огт үгүй мэт санагддаг байж дээ. Өсөж том болохоороо хүн хориотой, нүгэлтэй зүйлийг хүсэж мөрөөдөж болохгүйг ойлгодог юм байна. Ёс журамгүй.


"Халуун шоколад шиг сэтгэл" номын нэр нь Испаниар "Como agua para chocolate" буюу шоколад хайлуулахуйц час халуун ус гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Эскивель Лаурагийн уг зохиолоор бүтсэн “Like water for chocolate” кино нь ч мөн хайрыг бүтээсэн түүхтэй. Кино найруулагч Альфонсо Арау болон номын зохиолч Лаура нар хожим гэрлэжээ. Уг роман 1989 онд анх хэвлэгдэн гарсан бөгөөд өдгөө дэлхийн 34 хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болсоор байна.

Saturn Writing
2025/03/30

 
Бичсэн: Боргоцой | цаг: 23:17 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax