
Дарангуйлагчтай тэмцэхийн тулд эхлээд дарангуйлагч гэж хэнийг, юуг хэлээд буйг таньж мэдэх нь чухал. Үнэндээ та, бид дарангуйлалтай өдөр тутамд нүүр тулж байна.
ТАРХИ УГААЛТЫН СИСТЕМ БУЮУ ЦАХИМ ДАРАНГУЙЛЛЫН ЭРИН ҮЕ
Өгүүлж буй энэ цаг хугацаанаас хоёрхон сарын өмнө бид улсынхаа Ерөнхий Сайдыг орлогоо нотлохыг шаардан эсэргүүцэл илэрхийлж, нотолж чадахгүй бол огцрох шаардлага тавьж олон хоног төв талбайдаа жагссан. Энэ оны 6-р сарын үйл явдал бол монголчуудын хувьд дарангуйллыг үл тэвчиж, дарангуйлагчтай тэмцсэн нэгээхэн хэлбэр. Хэдийгээр Ерөнхий Сайд асан Б.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч суудлаасаа буусан ч түүний хүү О.Тэмүүлэн нь аавынхаа гэр бүлийн бүтэн жилийн орлогоос ч их мөнгөөр найз охиндоо нэг цүнх авч өгсөн явдал нь хэвийн үзэлдэл мэт тайлбарыг өчигдөрхөн АТГ-аас өглөө. Хүү нь орлогоо нотолжээ, нотлох нотлохдоо аавынхаа ахаас шилжүүлсэн мөнгөөр дээрх худалдан авалтыг хийсэн болж учир зангилаа тайлагдлаа. Гэвч уг зангилаад ойлгомжгүй, баталгаа нотолгоогүй зүйлс дэндүү олон байна.
Уншсан номынхоо тухай бичихээс өмнө дээрх жишээг нуршиж буй нь яг ийм нөхцөлд л бидэнд эрэн сурвалжилга гээч зүйл ямар их үгүйлэгдэж буйг мэдэрч суугаагийн учир юм. Өөрийн бөгөөд тойрон хүрээлэгчдийн эрх ашгийн төлөө улс орны ирээдүйг үгүй хийж, бусдын боломжийг хуу хаман хулгайлагч эрх мэдэлтнүүд, улс төрчдийн хорон явуулгын тухай уг номонд ний нуугүй өгүүлсэн. Тэр бүхэн нь няцаахын аргагүй баримтаар баталгаажуулсан байхын хэрээр хэрэг явдлын үнэн мөнийг дэлгэсэн сэтгүүлчид ямар их дарамт, шахалт, айдас хүйдэс ирж буйг хүүрнэнэ. Энэ нь зөвхөн улсын Ерөнхийлөгч, эрэнгийн сэтгүүлч хоёрын дундах тулаан бус олон нийтийн эрх ашгийг хөлийн уландаа гишгэн, ард түмний сэтгэл зүйг цахим орчин дахь хуурмаг мэдээллээр угжин мунхруулагчдын аалзны тор мэт хэрэн байгуулсан сүлжээтэй тэмцэж буй эгэл жилийн сэтгүүлч бүсгүйн түүх юм.
Нобелийн шагналт зохиолч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” зохиол бол бодит үйл явдлыг дэс дараатай эрэмбэлэн өгүүлсний сацуу өөрийн амьдрал, туршлагаар туулсан бүхнээ баримт нотолгооны үндсэн дээр хөврүүлэн бичсэн хүүрнэл зохиол аж.
Уг номын гол баатар болох өгүүлэгч нь Филиппин гаралтай Америкад өссөн сэтгүүлч эмэгтэй. Сурах, хөгжих, шударга байхыг эрхэмлэгч уг шавилхан эмэгтэй баримтаас баримтын хооронд бэдэрсэн мэргэжлийн зарчмаасаа үл хазайн ажиллаж, амьдарч байсан нь түүнд дайсан бэлдэх шалтгаан болно. Дайсан нь улсынх нь Ерөнхийлөгч Родриго Дутерте. Шударга ёсны төлөөх түүний дуу хоолой нь өрөө ч мэдэхгүйгээр ийм том дайсантай болгожээ. Байнгын цахим дайралтад өртөхөөс гадна шүүхийн хориг хязгаарлалтууд, эрх мэдэлтэй хүмүүсээс ирэх дарамт шаталтууд олон жилийн турш үргэлжилж, Мариа Рессагийн тэмцэх хүчийг няцааж байв. Гэвч тэр чимээгүй суухыг хүссэнгүй, харин ч түүний дуу хоолой дэлхийд хүрч, түүнд Нобелийн шагналыг авч ирсэн.
ҮНЭН ГУТЛАА ӨМСӨЖ БАЙХАД ХУДАЛ УУЛ ДАВСАН БАЙДАГ
Дэлхий дээрх өнөө цаг үеийн хамгийн том мэдээ түгээгч платформ болоод буй Facebook-ийг ашиглан сонгуулийг луйвардаж, эрх мэдлийг цөөн хэдхэн хүмүүсийн шунал руу эргүүлж, туйлширсан үзэл баримтлалыг олон нийтийн тархинд сийлж буйг номын хуудас бүрд баримтаар сүлж бичжээ. Facebook бол мэдээллийн хэрэгсэл биш мэдээллийн дайсан. Бид ийм л орон зайд оюун санаагаа удирдуулан аж төрж байна. Сэтгүүл зүйн салбарын нэрийг барьж тоглолт хийх нь ард иргэдийг мэдээллийн дайнд өртүүлэн сөргөлдүүлж, дарангуйлалтай эвлэрэх ухамсрыг төлөвшүүлж, тэр хэрээр хүмүүсийн сэтгэхүйг ялзлуулж, улс орны эдийн засгийг хямрааж байдгийн тод томруун жишээг Филиппинд өрнөж буй уг үйл явдал, аж байдлаас тодорхой дүрслэн харж болохоор санагдав. Мэдээллийн энэ дайн дэлхий даяар өөр өөрийн өнгө төрхөөр тархаж, ОХУ-Украиныг мөргөлдүүлж, АНУ-д Доналд Трамп сонгууль луйвардахад ч гойд нөлөө үзүүлжээ.
Эцэст нь дарангуйлагчтай тэмцэхийн тулд тэдэнтэй өөрсдийнх нь аргаар тулалдаж болохгүйг, няцашгүй үнэнч, нугаршгүй тууштай байх нь бүхий л цаг үед хамгийн зөв шийдвэр байдгийг ар араасаа хөврөх олон үйл явдал батална.
Эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг, хийж буй ажилдаа шаргуу, үнэнч хөдөлмөрч байхын бахархлыг мөн эндээс олж харлаа. Сэтгүүлч хүнд байх ёстой мөн чанар, хүн чанар, сэтгүүл зүйн салбарт үргэлж үгүйлэгдэх эрэн сурвалжлах арга барилын үндсэн тактикыг хичээл шиг л хүүрнэн өгүүлжээ. Орчуулгын үгийн сонголт, өгүүлэмжийн утга найруулгад ч мөн тарахнам. Ямар азаар энэ номыг бичих сэдэл зохиолчид төрж, яг эгзэгтэй зөв цаг үед энэ номын орчуулгыг барьж авсан юм бэ дээ гэж бодон сууна. Номыг Англи хэлнээс Баатарын Дуламхорлоо орчуулж, 2024 онд “Үүр паблишинг” ХХК эрхлэн гаргажээ.
2025.07.24
Saturn Writing
Эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг, хийж буй ажилдаа шаргуу, үнэнч хөдөлмөрч байхын бахархлыг мөн эндээс олж харлаа. Сэтгүүлч хүнд байх ёстой мөн чанар, хүн чанар, сэтгүүл зүйн салбарт үргэлж үгүйлэгдэх эрэн сурвалжлах арга барилын үндсэн тактикыг хичээл шиг л хүүрнэн өгүүлжээ. Орчуулгын үгийн сонголт, өгүүлэмжийн утга найруулгад ч мөн тарахнам. Ямар азаар энэ номыг бичих сэдэл зохиолчид төрж, яг эгзэгтэй зөв цаг үед энэ номын орчуулгыг барьж авсан юм бэ дээ гэж бодон сууна. Номыг Англи хэлнээс Баатарын Дуламхорлоо орчуулж, 2024 онд “Үүр паблишинг” ХХК эрхлэн гаргажээ.
2025.07.24
Saturn Writing