Дэлхийн дахинд хиймэл оюун болон их өгөгдөлд суурилсан мэргэжлүүдийн эрэлт маш эрчимтэй өсч байна. Үүнд сүлжээний болон кибер аюулгүй байдал, технологийн чиглэлийн мэргэжлүүд орж байгаа юм.

Харин удахгүй устаж, технологиор орлуулж болзошгүй мэргэжлүүдийн эхний эгнээнд бичиг хэргийн болон оффисын туслах ажилтнуудын мэргэжил орж байна. Тухайлбал, нарийн бичиг, касс, тасалбар түгээгч, шуудангийн бичиг хэргийн ажилтан, банкны теллер зэрэг ажил мэргэжил ойрын жилүүдэд устаж, үгүй болж магадгүй мэргэжлүүдийн эхний эгнээг тэргүүлж байна.
Ямар мэргэжил эзэмшихээс үл шалтгаалан зөөлөн ур чадвар буюу харилцааны соёлыг эзэмшиж, суралцах нь тухайн хүн нь хувь хүн талаасаа ажлын байран дээр үнэлэгдэх хамгийн чухал шалгуур үзүүлэлт болж байна. Нөгөө талаас хатуу ур чадвар буюу технологийн дэвшил, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх шийдлийг ашиглаж чадаж байгаа эсэх нь ажлын байран дээрх ур чадварын хамгийн чухал үзүүлэлт болоод байна.Манай улсад ойрын таван жилд боловсруулах салбарт шаардлагатай ажилчдын тоо хамгийн ихээр буюу 63 мянга орчмоор нэмэгдэх шаардлагатай байна. Үүний дараа барилгын салбарт 60 мянга орчим, худалдааны салбарт 46 мянга, боловсролын салбар 36 мянган ажиллах хүч тус тус эрэлттэй байна.