
Энэ номыг уншигч нь шатарчин байх албагүй, шатар мэддэг ч байх шаардлагагүй гэдгийг эхлээд онцлоё. Шатар бол тоглоом төдий зүйл биш оюун ухааны талх гэдгийг илэрхийлэх өгүүлэмжээр арвин зохиол юм.
Хэт бардамнал сүйрэлд хүргэх эрсдлийг дагуулсаар байдгийг, хэт хөөрөлд автах нь оюун санааг бодит байдлаас төсөөрүүлэх аюултайг зохиолын үйл явдал харуулна. "Шатрын тууж" нь ердөө гурван дүртэй, үйл явдал нь усан онгоц дээр өрнөсөөр дуусах бөгөөд хүүрнэгч би баатрын дурсамжаар хөвөрдөж, үүн дотроо зохиолын гол баатар доктор Б хэмээх эрийн дурсамжийг хүүрнэнэ.
Шатрын дэлхийн аварга Чентовичтой нэгэн усан онгоцонд ялж буйгаа мэдсэн би хүүрнэгч тухайн хүний тоглолтыг ойроос харах хүсэлд автсаар нэгэн арга заль хэрэглэнэ. Түүний заль мэх нь аваргын сонирхлыг хормын төдийд татаж чадах ч тоглолтыг нь удаан үргэлжлүүлэх хэмжээнд эн зэрэгцэх хүн хөлгийн тавцан дээр үгүй тул өгүүлэгчийн төлөвлөгөө талаар болох магадлал өндөр байлаа. Яг ийм эгзэгтэй үед хэн ч үл таних нэгэн шатрын мастер үзэгч олны дундаас гарч ирэх бөгөөд туужид түүнийг доктор Б хэмээн нэрлэнэ.
Доктор Б-ийн шатар тоглох арга барил нэн өвөрмөц байсан нь би хүүрнэгчийн анхаарлыг татаж, улмаар усан онгоц дээрх бүх хүнийг төлөөлөн шатрын аварга Чентовичтой халз тоглохыг ятгах үндэслэл болно. Зохиолын гол үйл явдал ингэж өрнөх бөгөөд үүнээс цааш тохиолдох адал явдал нь тэр чигтээ хүний оюун бодол, тархины үйл ажиллагаа, мэдрэхгүй, сэрэхүйн тухай мэдрэмжээр хөглөгдөн өрнөх нь тун сонирхол татам.
Ухаан мөхөс ч гоц авъяасынхаа ачаар нэрд гарсан эзэрхэг, их зантай Чентович болон шатрын аваргыг буулгаж авах хэмжээний эрдэм чадалтай энгийн нэгэн эрийн хачирхалтай төрх байдал, гунигт түүх нь өнөөгийн нийгэмд ч байдаг л хүмүүсийн дүр, дүрслэл мэт.“Танд утгагүй, зорилгогүй мэт санагдаж болох ч бүчиж нөмөрсөн ганцаардлаас минь ангижруулах зугаатай ажил, орон зай, цаг хугацааны нэгэн хэвийн дарангуйллын өөдөөс тэмцэх гайхалтай зэвсэг болох нэгэн зуун тавин өрөг гарт минь орж ирсэн нь энэ байлаа.”
Бясалгал, гэгээрэл хийгээд гүн бодол, солиорлын тухай шатрын хар, цагаан нүднүүдээр төлөөлүүлэн хүүрнэсэн сэтгэхүйн тууж болохыг уг зохиолыг уншиж байхдаа эргэцүүлэв.

Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийг “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоор нь уншигчид андахгүй мэднэ. Хөнгөн хүүрнэл маягаар бичдэг түүхий арга барил уг туужид ч шингэжээ. Зохиолч “Шатрын тууж”-аа 1942 онд туурвисан бөгөөд энэ нь түүний хамгийн сүүлийн бүтээл аж.
2025.06.16
Saturn Writing