2025-05-29
ТИФФАНИ ДАХЬ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ


Өглөөний цайгаа тансаг, гоёмсог орчинд тухтай уухыг хүсэхгүй эмэгтэй хүн гэж үгүй биз ээ. Яг л ийм мэдрэмжийг төсөөлөлдөө ургуулсан эрхэмсэг, өөрийнхөөрөө Холли бүсгүйн эрх дураар ааш авир, энгийн бус чөлөөт амьдралыг хөгжөөнтэй хөнгөн бичлэгтэй өгүүлсэн зохиол бол “Тиффани дахь өглөөний цай” юм.

Холлигийн үзэл бодол, хүсэл тэмүүлэл юунд ч үл захирагдах хээрийн салхи шиг онгон дагшин, дэврүүн гэгээлэг. Гэвч түүний бага балчир наснаасаа үзэж туулсан амьдрал нь эргэн дурсмааргүй хар бараан түүхээр дүүрэн. Түүн шиг хүнд хатууг даван гарч ирсэн ч үзэл бодолдоо үнэнч, өөдрөг хүмүүсийн ачаар л бидний нийгэм муу, муухай бүхнээ угааж байдаг байх даа гэсэн бодол зохиолын туршид төрж байв.




Гөлайтли авхай хэмээх нэрийг өөртөө өгч, эрхэмсэг гоёмсог, хөнгөн хээнцэр амьдрах идэр залуу Холли бүсгүйн гэрт нас тогтсон эрчүүдийн хөл хөдөлгөөн тасрахгүй. Түүнтэй нэг байранд амьдрах зохиолын гол баатар өгүүлэгч эрийн хүүрнэлээр энэ эмэгтэйн үзэл бодол, аж амьдралыг тольдох боломж илхэн. Санаандгүй байдлаар найзлан дотносох боломж тэдэнд олдох бөгөөд өгүүлэгч эрийн хувьд Холлиг хөнгөмсөг зан, энэрэнгүй, эрх чөлөөт үзэл бодол, бага насны гунигт дурсамж юутай хийтэй нь ойлгож хайрлах болно. Холлиг хайрлах шалтгаан нь тэр ердөө ч дүр эсгэдэггүйн дээр хэнд ч, юунд ч захирагдахыг, хэнийг ч, хэзээ ч хайрлах, хайрлуулахаас болж дөнгөлж болохгүй гэх үзэл бодлоос нь улбаатай мэт.

“Холли муураа тэвэрсэн хэвээр:
Би түүнийг нэг өдөр голын хажуугаар явж байгаад олсон юм. Тэр ч, би ч хэн нэгэн хүнээс хамаарах учиргүй. Миний эд зүйлсэд болоод надад өөрт тохирох газар олтлоо би юу ч эзэмшиж, өөрийн болгомооргүй байна... Тэр газар яг л Тиффани дэлгүүр шиг байх ёстой”

Бодит байдал дээр Тиффани үнэт эдлэлийн дэлгүүрт өглөөний цай өгдөггүй бөгөөд ийм өглөөний цай уух төсөөлөл нь зөвхөн бяцхан Луламэйн төсөөлөл бодлоос үүссэн зураглал билээ. Уншигч надад, Холлигийн үзэл бодол нь гэнэн хонгор 20 настны бодол мэт санагдах ч үнэхээр л тансаг гоёмсог хийгээд таатай тухтай орчныг өөртөө бүрдүүлтлээ эмэгтэй хүн тэр орчноо эрж хайсаар л явах байх даа гэсэн бодлыг төрүүлэв. Мөн өөрийн өмчтэй байх хүсэл нь зөвхөн хувь хүний бодлоос л улбаатай шунал болохыг, энэ хорвоод хоосон ирсэн шигээ эдэлж хэрэглэж буй бүхнээ, хайртай хүмүүсээ ч үлдээгээд буцахын утга учрыг ойлгуулах шиг мэдрэмжид автлаа.

...Гэхдээ хүн зэрлэг амьтанд сэтгэлээ зориулж болохгүй. Сэтгэлээ зориулах тусам тэр амьтан улам хүчтэй болно. Ингээд бүр хүчтэй болсон хойноо ой руу гаа зугтчихна. Үгүй бол мод руу нисчихнэ. Дараа нь бүр өндөр мод руу. Эцэстээ тэнгэрт дүүлэн ниснэ...

Холли зэрлэг амьтдын тухай үнэн хэлжээ. Гэхдээ түүний энэ үг яг л өөрийгөө ярьсан мэт бодлыг зохиолын төгсгөлд санагдуулна. Тэр ирсэн шигээ л явчихна. Түүнд дасаж дурласан, ойлгож найзалсан чин сэтгэл нь өгүүлэгч эрийн зүрхэнд хөнгөн гуниг тээсээр үлдэнэ.



Америкийн алдарт зохиолч Трүмэн Капоти “Тиффани дахь өглөөний цай” богино романаа 1958 онд нийтэлсэн бөгөөд зохиолын үйл явдал нь 1940-өөд оны Нью-Йорк хот, Манхэттэн дүүргийн амьдралыг тодорхой дүрсэлснээрээ онцлогтой ажээ.

2025.05.29
Saturn Writing
Бичсэн: Боргоцой | цаг: 12:34 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax