2025-04-22
НОХОЙН ЗҮРХ


Муу муугийн туйл нь хүн өөрөө...

Ааш ааль тавьтаргүй, хэдэр ёдор дээрээ хүний үнэргүй авиртай улсыг бид “муу нохой” гэж тээршаах нь бий. Гэвч яагаад нохой гэж? Үнэндээ муу муугийн туйл нь хүн өөрөө юм биш үү...


Хүний амьтнаас ялгарах гол давуу тал нь жинхэнэ мөн чанараа нуун далдалж, өөрөөсөө өөр дүрийг бүтээж чаддагт л байдаг байх. Гэтэл нохойнд тэгэх шаардлага байхгүй, тэр өлсөж, даарч байвал гасална, баярлавал сүүлээ хөдөлгөн эзэндээ өөрийгөө илэрхийлнэ. Тэдэнтэй ойлголцоход ядах зүйлгүй, зарим үед ноход хүнээс ч илүү үнэнч нөхөр байж чаддаг. Харин хүн тэгж чаддаггүй. Хүмүүс хувийнхаа ашиг сонирхлын төлөө хэдэн ч төрлийн баг бүтээж амьдардаг шүү дээ. Үүнд л Михайл Булгаковын “Нохойн зүрх” зохиолын утга учир оршиж байна.
Уг зохиолын гол өрнөл нь профессор Филип Филиппович өөрийн шавь болох доктор Борменталийн хамт хүний өнчин тархи болон үрийн булчирхайг нохойнд шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж, тэр нь анагаах ухааны салбарт хосгүй нээлт болсноор эхэлдэг. Ингээд гудамжинд даарч хэвтэн хоног төөрүүлж, өлөн зэлмүүний эрхэнд зовж зүдэрч явсан золбин нохой нэг л өдөр эзэнтэй төдийгүй тансаг зэрэглэлийн гэр оронтой болоод зогсохгүй дээд төрөлт амьтан болж хувирах нь тэр ээ. Гэтэл яахнав, өнөөх хүн дүрст нохой чинь нохой байснаасаа дор авиртай, хэл ам нь ч гүйцэгдэхгүй, засаршгүй зусарч гар болчихдог юм байгаа биз дээ. За ингээд л ёстой жинхэнэ асуудал эхэлнэ.

Эс мэдэх ч цэцэрхэх, үл чадах ч бардамнах...

Гень гэж их чухал сэдвийг энд дурдахгүй байж боломгүй. Угаас муу санаатай, хулгайч сэтгэлгээтэй хүний тархийг нохойнд суулгасан нь хүн төрөлт рүү дэвшсэн нохой зүстийг бүр дор амьтан болгож орхисон. Нөхөр Шариков яаж ч хичээгээд бялдууч зан, зусарч сэтгэлгээ, амин хувиа хичээх үзэл бүхий үнэн төрхөө нууж эс чадна, эс мэднэ. Учир нь түүний нохой авир нь үл арилна. Хүн хэмээгч нь олон нүүр гаргах ясны чадваргүй сэн бол яг ийм л байх биз ээ гэх бодол зохиолын туршид сэтгэлд буух нь хоржоонтой.
Хамгийн ёгт агуулга нь гэнэт их эрх мэдэл, өмч хөрөнгөтэй болсон хүн яаж аашилдгийг нохойгоор зүйрлүүлэн өгүүлсэнд буй. Бидний дунд өдгөө ч байх эрдэм чадал мөхөсхөн ч том албан тушаал дээр дарга болон очсон, өөрийн хөдөлмөрөөр хурааж хуримтлуулаагүй ч зусар, башир аргаар их хэмжээний мөнгө, хөрөнгөтэй болсон хүмүүсийн дүр төрх номын өгүүлэмжээс бодолд бууж төсөөллөөс бодит болон амилна. Эс мэдэх ч цэцэрхэх, үл чадах ч бардамнах хүмүүсээр бидний нийгэм дүүрч дээ.
Иргэний бичиг баримттай, ажил төрөлтэй болсон Шариков өдөр ирэх бүрд хүний хийдэг, хүний ярьдаг бүхнийг дэндүү хурдан сурах боловч тэр бүхэн нь хамгийн адгийн хувилбар байх нь бүтээгчдийн урмыг хугална. Асуудал улам хурцадсаар төгсгөл нь эхлэл рүү гээ буцсанаар дуусна.



М.Булгаков “Нохойн зүрх” туужаа 1925 онд бичсэн хэдий ч эх хувийг зохиолч өөрөө шатаасан гэдэг. Цаг үеийн байдал, хүний мөн чанарыг хурцаар шүүмжилсэн тул улс төрийн шахалтаар хэвлэгдэх боломж олдоогүй биз ээ. Харин өдгөө миний өгүүлж буй энэ номын орчуулга нь 1989 онд утга зохиол судлаач Лидия Яноковскаягийн хэвлүүлсэн “Булгаковын түүвэр зохиол” номд багтсан хувилбар юм байна. Уг хувилбарыг орос хэлнээс Мягмарын Сугар-Эрдэнэ хөрвүүлж, Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.


Saturn Writing
2025.04.22


 
Бичсэн: Боргоцой | цаг: 14:07 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax