2025-04-11
СААРАЛ ЗӨГИЙНҮҮД

Малынхаа тарга тэвээргийг алдуулахгүй онд мэнд оруулахын тулд отор нүүдэл хийж, ахуй амьдралын бусад асуудлаа хойш тавин зүтгэдэг манайхантай жишиж зүйрлэвэл зөгийгөө аюулгүй тэжээж, балыг нь саадгүй хураах таатай орчныг хайн бэдрэх Сергей Сергеич бол энгийн нэгэн малчин ардын дүр ажээ. Түүнд учирсан бэрхшээл нь төрөлх тосгон, эх нутаг нь дайны голомтот бүсэд орсонд буй. Орос, Украины хилийн бүс Донбассд ард иргэдийн аж амьдрал яажшуухан өнгөрч буйг товойлгон дүрсэлж, зөөлөн урсгаж бичсэн зохиол санж.

“Хэд хоног салхигүй, тогтуун байтал хачин харанхуй үдэш айлчиллаа. Аясаараа ирчихсэн ч юм биш, өвлийн бүүдгэр ахуйд энтээ газраас үл үзэгдэх тэнгэрийн уйман ийм түнэр харанхуй, авчирчээ. Зузаан үүлс сэмжин үүлсийг хөөж хөвсгөр цасан хаялав. Шинэхэн цасан ширхгүүд хуурай салхинд онгосон хөр цасыг хучлаа."

ӨГҮҮЛЭМЖ
Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно.
Ард зоны аж амьдрал энгүүн хөвөрч асан буйдхан тосгоны хоёр захад Пашка, Сергеич хоёр хоточ нохой мэт буйраа сахин сууна. Тосгондоо хоёулахнаа үлдсэн ч тэд бусад шиг гэрээ орхин дүрвэх сонголт хийсэнгүй. Гэвч зөгийгөө нисгэж бал цуглуулах амгалан газар олохгүй бол буун дуу хадах саарал бүсэд удаан идээших боломж нэгэнтээ үгүй болжээ. Эндээс зохиол өрнөнө.

Сергеич хэдэн зөгийгөө ачаалан дайны бүс нутгийг хөндлөн гулд туулан хил давж, зөгий оторлуулах газар бэдрэх бөгөөд энэ урт зам түүний нүдийг нээж, сэтгэлийг сэмлэх болно.

" ... ардаа үлдээсэн цаг хугацаанд санаа зовно гэдэг илүү маяг. Цаг хугацаа гэдэг хэн нэгэн түүнийг дагаж, түүнээс хамаарч байгаа үед л хэрэг нь гардаг эд. Хамаарах нь үгүй бол цаг хугацаа тэндээ зогсож, ул мөргүй баларна."


Амраг хайртай бүсгүйнхээ дэргэд бодох юмгүй нэг насны амьдралаа даатгах боломж байсан ч үхтэл харам төрсөн нутаг, унасан усаа бараадах хүний сэтгэл тэмүүллийг зөгийчний дүрээр гаргажээ.

ЭМЗЭГЛЭЛ
Зохиол олон дүргүй ч өрнөл тэмцлээр дүүрэн бөгөөд энэ нь дайны хөлд сүйдсэн нутаг оронд хүний мөр хэчнээн багасаж, дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгааг илтгэнэ. Эцэст нь энэ нутагт эзэнгүй хашаа, хоосон туйр л үлдэх вий гэх эмзэглэл хамт төрнө. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт дурдагддаг газар нутгийн нэршил өдгөө хэдийн манай хөрш орнуудын мэдэлд оччихсон байгааг нэхэн санахад дээрх номын өгүүлэмжид гарч буй нутаг орон магадгүй Уркаиных биш болчих ч талтай мэт. Тэгэхээр уг зохиол бол түүхэн төдийгүй газар зүйн хувьд ч чухал баримт материал болж үлдэх буй за.

Аливаа улс оронд мөнхийн асуудал дагуулах сэдэв байсаар ирсэн бага ястнуудыг ядгаварлан гадуурхах үзэл нь дайн дажин дэгдсэн ороо бусгаа цагт улам гаарч өндрөө авдгийг дахин сануулав.

ЭНХ ЦАГИЙН ҮНЭ ЦЭН
Энх цаг гэж ямархан үнэ цэнийг бүтээдэг болохыг, эрүүл саруул, элэг бүтэн амьдрахын зол, аниргүйн аз жаргал, амгалан байхын сайхныг илүү ухаарах орон зай номын хуудас бүрд шингэжээ.

Зөгий өсгөн тэжээх нь мал маллахтай адил нарийн арга барилтай болохыг, нутаг орон бүр өөр өөрийн зөгий маллах тусгай уламжлалтай гэдгийг, ургамал цэцэгнээсээ хамаараад зөгийн бал нь хүртэл онцгой амттай байдгийг мэдэж авлаа. Уншигч би бээр "зөгий шар өнгөтэй байдаг биз дээ, яагаад саарал гэж?" хэмээн анх номын нэрийг хараад бодсон сэтгэгдлийнхээ хариуг олсон. Үйл явдлын гол зангилаа хийгээд төгсгөл нь энэ асуултад хариулж байна билээ. 

ЗОХИОЛЧИЙН ТУХАЙД
Зохиолч Андрей Курков уг номынхоо өмнөтгөлийг “Дурсамж хэзээ ч саарал байдаггүй” хэмээн эхлүүлсэн нь содон. Оросд төрж Украинд өсөж хүмүүжсэн тэрбээр зохиол бүтээлдээ улс төр болон нийгмийн асуудлуудыг егөөдөн гаргаж дүрсэлдгээрээ дэлхий дахинаа танигджээ. Түүний бүтээлүүд дэлхийн 40 орчим хэлээр орчуулагдан, 60 гаруй оронд хэвлэгдэж олны хүртээл болсон байна.

“Тагтаа” хэвлэлийн газраас 2025 онд эрхлэн гаргасан “Саарал зөгийнүүд” номыг орчуулагч Т.Осормаа, Б.Дэлгэрмаа нар эх хэлнээ хөрвүүлэн буулгажээ.

2025.04.11
Saturn Writing

 
Бичсэн: Боргоцой | цаг: 15:29 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax