2024-08-23
ХОТ АЙЛД ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ



Асга хадат уулсын дээр алаг тарлан үүлс сүглийнэ. Ажаад суухад алгуурхан нүүх нь амьтан хүний дүрс гэлтэй...
Айл саахалтын хүний түлээ хагалах дуу "түг түг" сонсогдоно. Арын ууланд бух мөөрөх нь сүрдмээр.



Хаа нэгтээ хэрээ гуаглах, хажууханд морь тургих, царцаа дэвхрэг "царр цар" дуугархаас өөр аниргүй. Тэгж байтал сүүлээ годойлгон өргөсөн бухан бяруу сүргийн зүг хар эрчээрээ харайлгахад өвсний үзүүр хэлээрээ ороон тамшаалж ядан зогссон хэсэг үхэр мөөрөлдөн зугтаж хаашаа ч юм гүйлдэв. Хэдгэнэд хазуулахаараа үхэр ингэж оодогнодог юм гэж ээж минь хэлж байсан нь санагдана...



Бараа нь харагдах уулын бэлд хонио бэлчээж яваа идэрхэн охин мориныхоо амыг сул тавин алхуулж явах нь амгалан. Саалийн цаг дөхөж байгаа байх даа гэж бодох зуурт сүүдрэвчний шонгоос өлгөөстэй аарцнаас шар ус "тог тог" дуслан үзэгдэнэ. Гар аргаар чамбайлан хийсэн модон ширээн дээр ааруул, өрөм таваглаж, сүүтэй цай, боорцог сэлт зэхжээ. Зочид гийчдийн хөл тасардаггүй айлын хот аргагүй биз ээ.

Saturn Writing
2023.08.14

Бичсэн: Боргоцой | цаг: 16:57 | тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax