Статистик мэдээллийг шүүж үзвэл, сүүлийн 10 жилд монголчууд бидний сарын голч цалин 1.1 сая төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, 2014 оны голч цалингаар тооцвол 665 мянган төгрөг сард авдаг байсан иргэний цалин 2023 онд 1.7 сая болж өсжээ. Гэхдээ энэ бол зүгээр л тоо. Яагаад гэдгийг тайлбарлая.
Цалин орлого жил ирэх бүрд өсөж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулрал нь бидний гар дээр авдаг мөнгөн дүнг үнэгүйдүүлж байна. Жишээлбэл, 2014 онд голч цалин 665.400 төгрөг байхад нэг ам.долларын ханш 1818 төгрөгтэй тэнцэж байсан. Долларын ханшаар хөрвүүлэн тооцвол тухайн үед 665 мянган төгрөгийн цалинтай иргэн сард 336 мянган төгрөгийг гар дээрээ авдаг байжээ.
Мөнгөн дүнгээр нь харах юм бол 10 жилийн хугацаанд голч цалин 1.116.000 төгрөгөөр өссөн мэт харагдавч ам.долларын ханштай хөрвүүлээд тооцоход ердөө 178.000 төгрөгөөр л өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилийн хугацаанд голч цалин хоёр дахин өссөн мэт харагдавч долларын ханш, үнийн өсөлтөд идүүлсэн гэсэн үг.
Бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг. Ам.доллараар худалдан авдаг барааны үнэ өсөхөөр дагаад худалдан авах чадвар тэр хэрээр буурч байна. Энгийнээр тайлбарлавал, Ковидын өмнөх жилүүдэд 100 мянган төгрөгөөр 2 тор дүүрэн хүнс бэлдтгэдэг байсан бол одоо 100 мянган төгрөгт 1 тор хүрэхтэй үгүйтэй хүнс худалдан авч байна.
Хэдийгээр голч цалингийн дүн хэмжээ 10 жилийн гүйлтийн зам дээр чадах чинээрээ хурдалсаар байсан ч хичнээн хичээгээд ам.долларын ханшийн өсөлтийг гүйцэж хурдалж чадсангүй.
Та цалингийн дүнгээ одоогийн долларын ханшаар хөрвүүлэн тооцоод үзээрэй. 5 эсвэл 10 жилийн өмнөхөөс магадгүй 2-3 дахин өссөн таны цалин долларын ханшаар хөрвүүлэхэд бүр буурсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.