Угаарын хийд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол манай улсад яг л ТАХАЛ шиг өссөөр байна.
НЭМҮТ, ХӨСҮТ-өөс гаргасан сүүлийн долоон жилийн харьцуулсан судалгааг харвал, 2018 оноос өмнө улсын хэмжээнд угаарын хийн хордлогын тохиолдол жилд 30 орчим бүртгэгддэг байсан бол 2019 оноос хойш энэ тоо огцом өсч 1000-аас буугаагүй. Өнгөрсөн онд бүр 3184 тохиолдол бүртгэгдсэн байна.
2023 онд улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 61 хүн нас барсан. 2024 оны эхний 4 сарын байдлаар 1000 орчим хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 20 хүн нас барсан байна.
Зарим баримтыг энд дурдая.
2024.03.23
-
СХД-ийн 6 дугаар хорооны нутагт дэвсгэрт нэг айлд 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан.
2023.11.26
-
БЗД-ийн 8 дугаар хороонд 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж амь насаа алдсан.
2021.05.26
-
СХД-ийн 26 дугаар хороонд эхнэр, нөхөр, хоёр хүүхдийн хамт угаарын хийд хордож, амиа алдсан.
2020.10.07
-
БЗД-ийн 22 дугаар хороонд 60 орчим насны ахмад, 8 настай ач хүүгийнхээ хамтаар угаартаж, амиа алдсан.
2020.09.30
-
БЗД-ийн тавдугаар хороонд таван настай хүүхэд угаартаж нас барсан.
2020.02.08
-
СХД-ийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж нас барсан.
Дээр дурдсан ослуудын шалтгаан нь бүгд ижил төстэй. Яндангаа буулгаад өрхөө бүтээсэн байсан, угаарын хий мэдрэгч ажиллаагүй, зайг нь салгасан байсан, эсвэл хий мэдрэгчгүй байсан…
Дэлхий дээр санамсаргүй хордлогын улмаас нас барах хамгийн түгээмэл шалтгаан нь нүүрстөрөгчийн дан исэл буюу CO гэж бүртгэгджээ. Нүүрстөрөгчийн дан ислийн өндөр агууламж нь үхэлд хүргэх маш хортой хий тул "ЧИМЭЭГҮЙ АЛУУРЧИН" гэж нэрлэдэг. Учир нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учраас тусгай зориулалтын тоног төхөөрөмжгүйгээр илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна.
БИДЭНД АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙНА УУ
Угаартаж нас барсан иргэдийн ар гэрээс шалтгааныг тодруулан асуухад дийлэнх нь ямар шалтгаанаар нас барсныг мэдэхгүй байгаа нь статистик магадлалаар илэрсэн гэж ХӨСҮТ, НЭМҮТ-ийн хамтарсан судалгаанд дурджээ. Гэвч түлдэг түлшин асуудал байгаа эсэхэд анхаарч судлахгүй, лавшруулан дурдахгүй байсаар өдийг хүрлээ.
Угаарын хий мэдрэгч тараалаа гээд хор хохирол буурдаг бол буурах хугацаа хангалттай өнгөрсөн. Гэтэл үүнээс өөр дорвитой арга хэмжээ авахгүй байсаар цөөхөн монголчууд бид жилдээ мянга мянгаараа угаарын хийд хордож хохирсоор байна. Энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч хэлэлцэх цаг нэгэнт болжээ.