2020-03-23
ЗАМ


Алсын алсад мурилзан салаалах шороон зам, аймаг сумыг төвтэй холбох засмал зам, аяллын хөтөч болох дурсамжийн зам, их хотын хөл хөдөлгөөнд дарагдсан гүүрэн зам, ирээдүйд зорилгодоо хүрэх сонголтын зам... Зам гэдэг маш олон утгатай, өргөн агуулгатай үг. Гэхдээ энэ удаад би зөвхөн ажлаас гэр ороход туулдаг дассан замынхаа тухай эргэцүүлж сууна.

Гэрээсээ гараад ажил, ажлаа тараад гэр... Ийм маршрутаар яваад өөрөө ч мэдэлгүй дадчихжээ. Ажлын шаардлагаар УБ хотыг өдрийн хэд хөндлөн гулд туулах хэрэг гардаг ч цагт баригдаж, түгжрэлд бухимдсаар таарах нь элбэг. Өдөр тутамд л тулгардаг тэр бухимдал өөрийг минь их ядраадаг болохыг жижигхэн зүйлээс ойлгов.

Бямба гариг байлаа. Ажлын өдөр. Гэхдээ жилд ганцхан болдог “Автомашингүй өдөр” тохиож байсан болохоор өдөржин хотын гудмаар алхаж мэдээ бэлтгэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Зүүн 4 зам, тэндээсээ Сүхбаатарын талбай, Цэцэг төв, тэгээд Тэнгис кино театрын урдуур гараад ажлынхаа машинд Гэсэр сүмийн уулзвар дээрээс сууж хоёрхон буудал яваад ажил дээрээ ирэв. Өдөржин алхсан хэр нь сэтгэл санаа ер бусын тайван, амгалан. Алхаж явахад замд таарсан дугуйтай жаалууд, хүүхдийн тэрэг түрсэн аав, ээжүүд, хөтлөлцөн алхах хосууд бүгд сайхан эерэг энергитэй байсан болохоор би тэднээс эрч хүч авсан ч байж магадгүй. Тэгээд хотынхон бид чинь ямар ч их стрессдэж, бухимдахааргүй зүйлд цухалдаж, бие биедээ инээмсэглэл бэлэглэж, дулаан харцаар хардаггүй юм бэ дээ гэж өөрийн эрхгүй бодсон. Хэрвээ амралтын хэр нь ажлын тэр өдрөөр урьдын адил автомашинтай явсан бол ийм мэдрэмжийг мэдрэхгүй байлаа.

Дараагийн бямба гариг. Мөн л ажлын өдөр. Ажлаа эрт дуусгаад хотын төвийн нэг дэлгүүрт хямдрал зарласныг сонсоод тийш зүглэв. Яараад такси барьж очлоо. Дэлгүүрээс гарч ирээд цаг эрт байсан болохоор ганц буудал алхчихмаар санагдав. Улаанбаатар их дэлгүүрээс Улсын их дэлгүүр, тэндээс Хүнсний 4, Метро маллын урдуур гараад Хүнсний нэг хүртэл 4 ч буудал алхчихлаа. Сэтгэл санаа улам сэргээд, борооны дараах Улаанбаатарын өнгө үзэмжийг харж хөгжөөд, урин цагтай хослон хотын гудманд чимэг нэмэх хөөрхөн охид, хөвгүүдийн хөгжилтэй инээдэнд баясах шиг.

Бага байхад ээжийгээ дагаад өдөржин хонинд явж, уул хадаар алхангаа байгалийн сайхныг мэдэрч өдрийг өнгөрүүлдэг байлаа. Тэнд зам гэж байхгүй. Хонь хаашаа ээж, бид хоёр тийшээ. Их үдийн ид халуунд уулын модонд хонио оруулаад ээж зузаан ном дэлгэн сууна. Харин би янз бүрийн өнгөтэй модны мөчир, элдэв төрлийн хэлбэртэй чулуу цуглуулан хормойлж ээжийн дэргэд тоглоно. Нар буухаас өмнө гол бараадан хонио услаад гэрийн зүг явдаг сан. Замгүй үеийн тэр дурсамж ямар эгэлхэн бөгөөд хайр дүүрэн юм бэ.

Энгийн бүхэн эгэлгүй гэдгийг ойлгох нь хамгийн зөв зам ч юм шиг. Магадгүй байдаг л хэр нь анзаардаггүй, байсан хэр нь мартагдсан зүйлс бүхэн зам болж бүдгэрэн цайраад эсвэл тодрон толиотоод, эргэн дурсагдаж, ирээдүйгээс далласаар он цагийг бүтээдэг биз ээ.

Бичсэн: Боргоцой | цаг: 16:01 | эргэцүүлэл ба эсээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Алмас, Санал нэг байна...

Бичсэн: Боргоцой цаг: 16:33, 2020-03-30 | Холбоос | |


Сэтгэгдлийг устгасан: Боргоцой хэзээ: 2020-4-22
Бичсэн: Боргоцой цаг: 16:32, 2020-03-30 | Холбоос | |


Нөгөөтэйгүүр амьдралд ч тэр зам гэхээр бусдын явсан, эсвэл байнга явдаг зүйл мэт. Амьдралд бүүр огт зам байхгүй газраар зам гаргавал бас сонихролтой санагддаг. Алхах дуртай шүү. Зүгээр л юм бодоод...
Бичсэн: Алмас цаг: 10:37, 2020-03-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax